Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын үндсэн хуулийг шинэчлэхдээ Өмнөд Солонгосыг “номер нэг дайсан” гэж нэрлэхийг уриалсан тухай Пёньяны төв хэвлэл өнөөдөр өглөө мэдээлжээ.
Даваа гарагт болсон хууль тогтоох дээд байгууллагынхаа чуулганы үеэр Ким Жон Ун ингэж уриалсан юм байна.
“Солонгосын хойгт дайн гарсан тохиолдолд БНСУ-ыг бүрэн эзлэх, дарах, буцаан авах, нутаг дэвсгэрийг нь бүрэн нэгтгэх асуудлыг анхааралдаа авах нь чухал” гэж Ким энэ үеэр хэлснийг Солонгосын Төв Мэдээний Агентлаг дамжуулжээ.
Тэр бас Өмнөд Солонгосыг үндсэн хуульдаа “Номер нэг дайсагнагч улс, хэзээ ч хувиршгүй гол дайсан” хэмээн тодотгож, ийм нэр томьёог боловсролын сурах бичгүүд, хичээлийн хөтөлбөрүүдэд оруулахыг уриалсан байна.
Одоо Пёньян хотод 14 дэх Ардын Дээд Хурлын 10 дахь удаагийн чуулган үргэлжилж байгаа юм.
Ардын Дээд Хурлыг Умард Солонгосын төрийн эрхийг барих дээд байгууллага гэж үндсэн хуулиар тогтоосон байдаг. Хэдий тийм ч үнэндээ эрх баригч Солонгосын Ажилчдын Намын шийдвэрийг ёсчлон баталдаг байгууллага юм.
Ким Жон Уны уриалгатай холбоотойгоор өчигдөр бас хоёр Солонгосын харилцааг хөгжүүлэх зорилготой засгийн газрын гурван агентлагаа татан буулгах шийдвэр гаргажээ.
Эдгээр нь Улс орноо Энхийн Замаар Нэгтгэх Хороо, Үндэсний Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Товчоо, Кумгансаны Олон Улсын Аялал Жуулчлалын Захиргаа гэсэн байгууллагууд юм.
“Бид хоёр Солонгосын хил орчмын бүс нутаг дахь бүх холболтыг бүрэн салгах, тэр дундаа Гёнгийн хуурай замын гарцыг дахин сэргээгдэхгүй болтол устгах хэрэгтэй” гэж Ким Жон Ун өчигдөр хэлсэн байна.
Тэр бас Өмнөд Солонгосын талаас хуурай газар, ус, агаараар газар нутагт нь ердөө 0.001 миллиметр төдий хэмжээнд халдвал шууд дайн эхэлсэнд тооцохыг анхааруулжээ.
Мөн 1950-1953 оны Солонгосын дайны дараа хоёр улсын хилийг тогтоосон NLL (Northern Limit Line) шугамыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн байна.
“Дайн гарвал БНСУ-ыг бид бүрмөсөн дуусгаж, АНУ төсөөлшгүй гамшиг, ялагдал хүлээх болно” гэж Ким Жон Ун чуулганы төлөөлөгчдөд хэлжээ.
Эх сурвалж: Yonhap News