Нийслэлийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахгүй байх талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 18 нас хүрээгүй өсвөр насны хүүхдүүдэд электрон тамхийг зарж борлуулахыг хориглох шийдвэр гарсан. Захирамж гарах үндэслэл нь электрон тамхинд ямар нэг зохицуулалт байхгүй бөгөөд эцэг, эхчүүд, багш нараас олон тооны хүсэлт, гомдол ирдэг. Учир нь дунд, ахлах ангийн сурагчид хичээл дээрээ хэрэглэж байна, багш нарынхаа үгэнд сайн орохгүй, нөлөөллийн аянуудаас дорвитой үр дүн гарахгүй байна гэдэг.
Нийслэлд байгаа төрийн өмчийн 205 сургуульд арваннэгдүгээр сард албан судалгаа хийхэд дунд, ахлах ангийн 9,000 орчим хүүхэд электрон тамхи хэрэглэж байна. Үүний цаана судалгаанд өөрөөр хариулаад хэрэглэж байгаа хүүхэд олон бий. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй.
Электрон тамхи нь ямар нэг зохицуулалтгүйгээс сүү, талх шиг дэлгүүрүүдэд зарагдсаар байгаа.
Уг нь бодлогын түвшинд энэ асуудал Тамхины хяналтын тухай хуулиараа зохицуулагдах ёстой. Гэвч хууль батлагдахад хугацаа шаардах тул нийслэлийн нутаг дэвсгэрт 18 нас хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслүүдийг худалдахыг хориглож байна” гэлээ.
Түүнчлэн электрон тамхины хорт нөлөөний талаар нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Энэ бүтээгдэхүүн нь ихэвчлэн никотинтой. Никотингүй нь синтетик бодистой. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2021 оны тайлангаар никотин нь өсвөр насныхны тархины хөгжилд муу нөлөөтэй, сэтгэл түгших эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлэх болон уушги цоорох эмгэгийг үүсгэгч болж байна гэх судалгаа гарсан. Иймд хүүхдүүдийн эрүүл мэнд, эрүүл өсөж торних орчныг бүрдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан” хэмээв.
Уг шийдвэр энэ сарын 22-нд гарч, албажсан юм байна. Харин янжуур тамхийг 21 нас хүртэлх хүнд худалдахыг хориглодог.