Төсвийн байнгын хорооны Мягмар гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар С.Одонтуяа гишүүн “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэртэй болов ч энэ нь эрүүл мэндийн тухай хууль.
Монгол Улсын ирээдүйн эрүүл мэндийн салбарт үүсэх томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн.
Өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа зүрх, судасны өвчлөл, таргалалт, эрүүл бус хүнс, ундаа нь хүүхдийн илүүдэл жин, шүдний өвчнийг даамжруулж нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон. Олон улс энэхүү тулгамдсан асуудлаа чихэрлэг ундаанд албан татвар ногдуулах замаар шийдэж байна.
Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар ялангуяа 7-11 насныхны дунд долоон жилийн дотор таргалалт 7 дахин буюу 28 хувиар өссөн нь хамгийн аюултай үзүүлэлт байгаа юм.
Таргалалт, бусад өвчлөлтэй тэмцэхэд уг хууль чиглэж байгаа.
ДЭМБ-аас 2016 онд энэ төрлийн татварын бодлогыг хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан төдийгүй эл арга хэмжээг авахгүй бол цаашдаа үүнээс үүдэх эрүүл мэндийн өсөн нэмэгдэх зардлыг шийдвэрлэхэд илүү бэрхшээлтэй болно” хэмээн танилцууллаа.
Хуульд дараах байдлаар өөрчлөлт оруулах бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхийг тусгажээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Өнгөрсөн хугацаанд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, дэлхийн таргалалттай тэмцэх нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагаас чихрийн агууламжтай ундаанд онцгой татвар ногдуулах, хувь хэмжээг нэмэгдүүлэх зөвлөмжүүдийг өгсөн.
Чихрийн агууламжтай ундаа, бүтээгдэхүүн нь таргалалтыг тав дахин нэмэгдүүлдгийн зэрэгцээ хүүхдийн оюуны чадамж, бие бялдрын хөгжилд 40 хувь сөрөг нөлөөтэй үзүүлж буйг судалгаагаар тогтоогоод байна. Иймд дэлхийн 40 гаруй улс чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлж байна.
Хууль батлагдсанаар эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг тодорхой хэмжээнд бууруулах хэдий ч эрүүл хооллолтыг хэвшүүлэх асуудалд нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах, эцэг эхчүүд хүүхдэдээ эрүүл хооллолтын зөв дадал олгоход онцгой анхаарч, зохицуулах шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.