2023 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулаад автобус нийлүүлэх ажил эхэлнэ хэмээн түгжрэлийн асуудал хариуцсан сайд мэдээлж байв.
Хэлсэн ёсоор шинээр автобус худалдан авах гэрээ хугацаандаа байгуулагдаж байгаа эсэх талаар Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газраас/НХААГ/ тодрууллаа.
-Автобус худалдах авах гэрээг өнөөдөр хийнэ гэж байсан. Гэрээ байгуулах ажлын явц ямар шатанд байгаа бол?
– Тендерт оролцсон компаниудаас гомдол гаргах хуулийн хугацаа дуусаж, худалдан авах ажиллагааны газраас үнэлгээ хийгдэн дараагийн шат буюу Нийтийн Тээврийн Газарт/НТГ/ гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн.
Нийтийн Тээврийн Газар өнөөдөр автобус худалдан авах гэрээг байгуулж байгаа байх.
– Автобус нийлүүлэх тендерт оролцсон ААН-үүдээс Сангийн яаманд гомдол ирсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар танай газарт мэдэгдсэн үү?
– Тендерт оролцсон компаниудын гомдол гаргах тав хоногийн хугацаа дууссан.
Сангийн яамнаас автобус нийлүүлэх тендерт оролцсон компаниудаас гомдол ирсэн, түдгэлзүүлсэн талаар ямар нэгэн шийдвэр бидэнд албан ёсоор ирээгүй. Тиймээс автобус худалдан авах гэрээг байгуулах зөвлөмжийг НТГ-т өгсөн.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар том оврын автобус нийлүүлэх тендерийг зохион байгуулж, таван ААН материалаа ирүүлсэн. Эдгээрээс БНХАУ-ын “Yutong Bus” компанийн 165 тэрбум 589 сая 920 мянган төгрөгөөр 600 автобусыг нийлүүлэхээр тендерт тэнцсэн. Дөрвөн оролцогчийн материал тавьж буй техникийн шаардлагад нийцээгүй болохыг мэдээлж байв.
Шинээр авах 600 автобусны 300-г оны өмнө, үлдсэнийг нь ирэх онд авахаар төлөвлөжээ.
Дараах үзүүлэлт бүхий автобусыг худалдан авах аж.
- 2023 онд үйлдвэрлэсэн байх
- Зөв талдаа жолооны хүрдтэй байх
- Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш
- Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)
- Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй байх
- Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай
- Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc
- Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй
- Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй
- Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш
- Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай
- Хурдны хайрцаг автомат эсвэл механик
- Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат
- Автомат төвлөрсөн системтэй
- Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй
- Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай
- Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн
- Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй
- Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан
- Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй
- Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй байх
- Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай байх
- Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй
- Заалны чанга яригчтай
- Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг
- Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай.