УИХ-ын Хянан шалгах түр хорооноос ирүүлсэн албан бичгийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болохыг прокурорын байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Ингэснээр Авлигатай Тэмцэх Газраас/АТГ/ мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болжээ.
Энэ долоо хоногт болсон нүүрсний нээлттэй сонсголоор Ханбогд сумын 457 га газрыг гадаадын хөрөнгө оруулалттай 38 компанид эзэмшүүлсэн гэх баримт ил болж Түр хорооноос хуулийн байгууллагаар шалгуулах болсноо мэдэгдэж байв.