Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм.
Наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 242 кг-ыг амжилттай шахсанаар алтан медальд хүрэв.
Уг жинд БНХАУ-ын тамирчин мөнгө, Польшийн тамирчин хүрэл медаль хүртжээ.
Э.Содномпилжээгийн хувьд 2023 онд ДАШТ-ээс мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алт, “Ханжоу-2022” Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмын энэхүү алтан медаль нь түүний хилийн чанд дахь дөрөв дэх медаль болж байна.