Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.6 хувь гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр мэдээллээ.
Энэ нь өмнөх оны эцсээс 7.5 хувь, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.
Өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь,
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.4,
- Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляц 8.6 хувь гарсны 3.6 (42%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны арваннэгдүгээр сард 14.5 хувь гарч байв. Өөрөөр хэлбэл өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.9 нэгж хувиар буурчээ.