ХЭҮК-ын даргыг томилох тухай тогтоолыг хэлэлцэж, батлав. Д.Сүнжидийг ХЭҮК-ын даргаар томилохыг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн юм. Эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой, хүний эрх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцооны чиглэлээр ажилласан туршлага, онол-практикийн мэдлэгийг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидийг тус Комиссын даргад нэр дэвшүүлж байгаа гэлээ.
Дугарын Сүнжид нь 1977 онд төрсөн. 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нэгдүгээр сургуулийг төгссөн байна. Улмаар 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 1999-2000 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистр, 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр, 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалжээ.