Манай улсын төмөр замын тээвэрлэлтийн нөхцөл байдал шатахууны тээвэрлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар Зам Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлтээс тодрууллаа.
– Төмөр замын тээвэрлэлт ямар нөхцөл байдалтай байна вэ. Тээвэрлэгдэж буй ачааны хэдэн хувийг Оросынх эзэлж байгаа вэ?
– Энэ оны байдлаар Улаанбаатар төмөр зам ХНН ойролцоогоор 29 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүнээс
- 11 сая – дотоод тээвэр
- 10 сая – Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн
- 4 сая – транзит
- 3 сая – импортын ачаа байна.
Замын-Үүдийн нарийн царигаар буюу БНХАУ-аас авдаг ачааны хэмжээг өдрийн найман галт тэрэг гэж гурван улс тохиролцсон байдаг. Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын ачаа тээврийн хэлэлцээрийн дагуу гурван улс (Монгол, БНХАУ, ОХУ) хамтран жил болгоныхоо ачаа тээврийн хэмжээг солилцох галт тэрэгний тоог тохирдог.
– ОХУ-д давуу байдал олгох гэрээ байгуулсан тухай мэдээлэл гараад байсан. Үүнд та тайлбар өгнө үү?
– Түрүүн хэлсэн дөрвөн сая тонн ачаа бараа транзит галт тэргээр буюу Оросоос Хятад руу явсан байна.
Мөн Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын ачаа тээврийн хэлэлцээрийн дагуу Орос, Хятад, Монгол гурван улс жилд солилцох хэмжээгээ тохиролцдог. Зам-Үүд-Эрээнээр Хятадын талд хоногийн 15 галт тэрэг өгнө. Үүнд
- 5 – Монгол Улсын төмрийн хүдрийн экспорт
- 5 – транзит ачаа
- 2 – нүүрс, бусад уул уурхайн бүтээгдэхүүн
- 1 – зэс
- Үлдсэн галт тэрэг нь бусад бараа бүтээгдэхүүн
Оросоос өдрийн 10 галт тэрэг хүлээж авна. Үүнд,
- 5 – Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүн
- 5- транзит ачаа
Мөн Хятадаас Орос руу найман галт тэрэг явна гэдгийг гурван тал сууж байгаад ярьдаг. Үүнд,
- 5 галт тэрэг – транзит (Хятадаас Орос руу)
- 3 галт тэрэг – импортын бараа бүтээгдэхүүн
Энэ оны байдлаар Замын-Үүдээр авсан галт тэрэг 2,300 орчим байгаагаас 1,650 нь транзит галт тэрэг, 650 нь Монгол Улсын импортын ачаа байгаа. Энэ тоонуудаас харвал Орос эсвэл Хятадад давуу байдал олгосон зүйл байхгүй.
– Мөн сүүлийн үед нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт саатаж буй асуудлын талаар олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Төмөр замын тээвэрлэлтэй холбоотой гэж үнэн үү?
– Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн хэмжээнд яваа. Вагон хилээр орж ирсэн тохиолдолд 20 цагийн дотор багтаагаад Улаанбаатар хотод авч ирж байна. Өчигдөр, уржигдар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Шатахууны тээвэрлэлт төмөр замтай холбоотойгоор удааширсан” гэж гарсан нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ийм асуудал арваннэгдүгээр сард гарсан юм билээ.
Монгол руу явах нефтийн бүтээгдэхүүнд вагон олдохгүй буюу нефть илгээгч нараас төмөр замд захиалга өгөхөөр вагон олдохгүй байх зэрэг хангалт доголдох асуудал гарсан юм. Улмаар хоёр төмөр замын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ЗТХЯ-наас бичиг явуулж, мөн Улаанбаатар төмөр зам ХНН-ээс арга хэмжээ авах хүсэлт тавьж, сүүлийн 15 хоног 2,000 орчим тонн нефтийн бүтээгдэхүүн хойд хилээр орж ирсэн.
Тэгснээр Монгол Улс доторх төмөр замын тээвэрлэлт дээр саад бэрхшээл учраагүй гэж ойлгож болно.
– Энэ жил төлөвлөснийхөө дагуу тээвэрлэлт хийж чадсан уу, хэдэн хувьтай явж байна вэ?
– Энэ жилийн тээвэрлэлтийн төлөвлөгөө 110 орчим хувийн биелэлттэй явж байгаа. Оны гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээг давж биелнэ гэж ойлгож болно. Одоогоор төмөр замын салбарт тээвэрлэлт дээр бэрхшээл үүссэн асуудал байхгүй.