Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд ажиллав. Энэ үеэр Алтай хотхоныг гарцтай болгож, сургууль барих асуудлыг ярилаа. Тус хотхон дотроо хамгийн их түгжрэлтэй байдаг байна.
Тэрбээр “Алтай хотхон анх байгуулагдахдаа 12,000 айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулагдсан ч иж бүрэн стандарт гэдэг шаардлагаа алдсан. Хотхон дотор улсын сургууль, цэцэрлэг, дөрвөн тал руугаа автомашин гарахаар төлөвлөгдсөн байсан ч хийж чадаагүй байна.
Алтай хотхоны баруун хойд үзүүрээс хуучнаар мод боловсруулах үйлдвэр хүртэл 360 метр зам тавьбал дөрвөн тийш гарцтай болж, хотхоноосоо гаралгүй түгжирдэг явдлыг шийдэх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Ирэх оны төсөвт уг замыг барих төслийг тусгахаар төлөвлөж байна.
“Тайгам Алтай” компанийн ерөнхий инженер Д.Хонгортой зөвшилцөж, хотхоны хойд талын тус компанийн эзэмшлийн нэг га газрын дулааны шугамыг шилжүүлэн сургууль, цэцэрлэг барих газар гаргахаар тохиролцлоо. Дэд бүтэц, газрын асуудлыг нийслэл шийдээд өгвөл 960 хүүхдийн сургууль барих зардлыг дүүрэг хариуцаж, дараа нь нийслэлийн төсвийн тодотголд оруулахаар ярилаа” гэв.
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан дөрвөн тийш гарцтай болгохын тулд “Цахилгаан түгээхийн өндөр шугамуудыг үндсэндээ зөөнө” хэмээн тайлбарлалаа.
360 метр замыг барихад 2.1 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд чулуун зам хийвэл зардал бага гарах аж.