Арванхоёрдугаар сард баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.
Хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1-2 хэмээр хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай байх бол гуравдугаар арав хоногт/сарын сүүлээр/ ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж/ОЖД/ утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Баруун аймгуудын нутгаар Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, агаарын температур ОЖД-аас 1–2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоног ОЖД-тай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт ОЖД-аас 1–3°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас Хөвсгөлийн баруун өмнөд хэсэг болон Архангайн ихэнх хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэг болон хоёрдугаар арав хоног ОЖД-тай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт ОЖД-аас 2–4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орно.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД-аас 1–3°С-аар хүйтэн байх боловч хоёрдугаар арав хоногт харьцангуй тунадас багатай дулаахан байна.
Харин гуравдугаар арав хоногт ОЖД–аас 2–5°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн нутгаар ОЖД-ийн орчим, Дорноговийн нутгаар ОЖД-аас хүйтэн байх бол хур тунадас Дундговь, Дорноговийн нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногт ОЖД-тай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт ОЖД-аас 2–4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.