Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материал задлах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Уг олон улсын тендер нь өнөөдрийн 09:30 цагт эхэлж дараах таван санал ирснийг танилцууллаа.

1. Майнс ап 178.8 тэрбумын төгрөгийн үнийн саналтай.

2. Xiamen King Long United Automotive industry 147.6 тэрбум төгрөгийн үнийн саналтай

3. Yutong Bus 165.5 тэрбум төгрөгийн үнийн саналтай.

4. Xiamen Golden Dragon Bus  156.9 тэрбум төгрөгийн үнийн саналтай.

5. China North Vehicle 52.6 сая төгрөгийн үнийн саналтай.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээжээ.

Харин Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол China North Vehicle Corporation LTD-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна. Хуулийн дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулах боломжгүй байдаг.

Тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зохион байгуулан, нээх чиг үүрэгтэй эхний Үнэлгээний хорооны ажил өнөөдрөөр дуусаж, баримт бичгүүдэд үнэлгээ хийх үүрэгтэй дараагийн Үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулна гэдгийг Нийслэлээс мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна.

Шинэ автобус худалдаж авснаараа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийлээ гэж ойлгож болохгүй. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, иргэдийн зүгээс жолооч нарын соёл, харилцаа хандлагыг дээшлүүлэх талаар нэлээдгүй гомдол, мэдээлэл ирүүлдэг.

Одоогоор жолооч нарын үнэлэмж, цалин бага байгаа. Ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох, шаардлага тавих тохиолдолд ажлаа орхиод явчихдаг жишиг байна. Тиймээс энэ салбарын ажилчдын цалинг тодорхой хэмжээнд нэмэх шаардлагатай байгаа. Мөн шинэ автобусны гараашнуудыг шийдэх, нийтийн тээврийн маршрутыг оновчтой, зөв төлөвлөж, богино эргэлтийг бий болгох шаардлагатай байна. Түүнчлэн нийтийн тээврийн компаниудад төсвөөс олгодог татаасыг шударга, зөв зохион байгуулалттай болгох ажлуудыг цогцоор нь хийнэ” гэв.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн