УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Малчдын өөрсдийн хэрэгцээнд хуулийн дагуу хэрэглэдэг газартай болох зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Усалгаатай тариаланг мал аж ахуйтай хамтарч эрхлэхгүй бол болохгүй нь. Бэлчээрийн даац улам муудаад цөлжих үед усалгаатай тариаланг бий болгох нь чухал. Үүнд хамтдаа хоршиж ажиллах нь зөв.
Нэг багт нь тодорхой хэмжээний газар өгөөд, багийн малчид тэндээ ногоон тэжээл, малын өвсөө тариад хоршоод, нэмэлт орлоготой болох боломж байгаа юм. Мөн өвөл хэрэглэх өвс тэжээлээ ч бэлтгэж авна. Дан дангаараа биш хамтдаа хоршиж ажиллахгүй бол болохгүй байна.
Усалгаатай тариаланг давхар хөгжүүлэх талаар бодохгүй бол нэг малчин ганцаараа 1.5 га газарт ногоон тэжээл тариад дангаараа ажиллах боломж нь хомс. Тиймээс нийлж хоршвол зүгээр” хэмээв.