Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Энэ үеэр ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг өглөө.
УРГАЦ ХУРААЛТ:
Энэ жил 456,000 тн үр тариа хураан авснаас 435,000 тн улаан буудай хураан авсан байна. Энэ нь 35,000 тн-оор буюу өнгөрсөн жилийнхээс найман хувиар өссөн үзүүлэлт аж.
Харин хүнсний ногоо өнгөрсөн жилийнхээс 23 хувиар өсжээ. Тодруулбал энэ жил 175,000 тн төмс, 183,000 тн хүнсний ногоо хураан авсан байна.
Малын тэжээлийн хувьд өнгөрсөн жилийнхээс 45,000 тн-оор илүүг бэлтгэжээ.
Тэрбээр “Дотоодоос хангах буудайг хангалттай буюу 14.2 центр га ургац авсан. Ойрын 7, 8 жилд ийм их хэмжээний ургац аваагүй. Монгол Улс түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авсан жил боллоо. Таван жилийн өмнө Монгол Улс хүнсний ногооныхоо 45 хувийг дотоодоосоо хангаж байсан. Энэ жилийн хувьд хүнсний ногооны 85 хувийг дотоодоосоо хангаж байна.
Ирэх жилээс 100 хувь бүрэн хангагдана. Иймд хүнсний ногооны үнэ төдийлөн өсөхгүй гэсэн ерөнхий төлөвтэй байна” гэв.
ӨВӨЛЖИЛТ:
Нийт газар нутгийн 60 хувьд нь хүндэвтэр зудын байдалтай, зарим газраар 30-40 см зузаан хунгарласан цастай байгаа аж.
Энэ жил 123 сая толгой мал өвөлжинө. Хадлан тэжээлийн хувьд хангалттай бэлтгэгдсэн байгаа юм байна.
Тодруулбал энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд 1.2 сая тн хадлан, 21.6 сая тн сүрэл, 118,000 тн ногоон тэжээл, 61,000 тн үйлдвэрийн тэжээл, 48,000 тн гар тэжээл, 18,000 тн дарш, 81,000 тн давс хужир бэлтгэж шаардагдах өвс тэжээлийн 92.3 хувийг бэлтгээд байгаа аж.