Ж.Мөнхбат: Яагаад МАН-ын дотоод асуудалд АН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажилласан багийнхан хүч түрж орж ирж байгаа юм бэ?
Хоёр өдрийн өмнө хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын тухай дуулиан, тус намыг тойрон өрнөж байгаа дуулиан шуугиан, 60 тэрбум төгрөг, Нийслэлийн ИТХ-ын даргыг огцруулах тухай албан бичиг болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намаас нэр дэвшсэн М.Энхболдынхоо эсрэг ажилласан Шадар сайдтай холбоотой асуудалд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тайлбар өгчээ. Түүний яриаг сийрүүлэн хүргэж байна. (2017.08.17)
Ж.Мөнхбат: МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуйг Нийслэлийн ИТХ-ын даргаас огцруулна, огцруулахгүй гэж яригдсан тухай ташаа мэдээлэл яваад байгаа юм. Энэ хуралд Ц.Сандуй 60 тэрбум төгрөгийн асуудалтай холбоотой мэдээлэл өгсөн. Ер нь энэ хариуцлагыг ярих болжээ гэж яригдсан. Энэ асуудалд Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа үед зөв байна, буруу байна гэх мэт зүйлийг л ярьсан. Тэгээд намын Удирдах зөвлөлөөс зарчмын гуравн шийдвэр гаргана гэдэг дээр санал нэгдсэн.
Энэ нь дотроо хэвлэлээр дайтаад байгаа хүмүүс хэл амаа олооч ээ, уулзаж учир, ярьж хөөр гэсэн. Хоёрдугаарт, намын бага хурлыг ирэх есдүгээр сарын 10-ны үеэр зохион байгуулна. Гуравдугаарт, УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын бурууг хүлээж огцорно гэсэн асуудал байхгүй. Энэ асуудлыг намын Их хурал дээр ярина гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг янз янзаар нь ярьж тайлбарлаад, нэг хэсгийг нь улаан хамгаалагч ч юм уу, нэг хэсгийг нь эх орончид болгох ийм процесс хэвлэлээр явагдаж байгаа.
Ийм ташаа мэдээлэл явагдаж байгаад харамсаж байгаа. Үүнийг цагаа болохоор би хэвлэл мэдээлэлд ярина гэж бодож байгаа. Ер нь шударга үнэн юм шударгаараа л байх хэрэгтэй. Өнөөдөр яагаад МАН-ын дотоод асуудалд АН-ынхан, ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуульд ажилласан энэ багийнхан хүч түрж орж ирж байгаа юм. Яагаад намынхаа зарим нөхдийг өөр намынхантай нийлж хэвлэлээр гөвшөөд байгаа юм гээд ярих асуудал олон бий. Гэхдээ энэ асуудлыг бид тогоон дотроо ярих ёстой.
https://www.youtube.com/watch?v=KuaeFX2i6pI&feature=youtu.be