2024 оны нэгдүгээр сарын 1-нээс машин угаалгын газруудад цэвэр ус өгөхийг хориглох буюу гэрээ байгуулахгүйгээр цэвэр ус нийлүүлэхгүй байх асуудлыг УСУГ-тай ярьж байна хэмээн Усны газрын дарга З.Батбаяр мэдээллээ.
Тэрбээр “Туул, Сэлбэ гол руу давсаар бохирдсон их хэмжээний цас хийж байна гэсэн хэд хэдэн мэдээлэл бидэнд ирсэн. Хяналтын газраас очиж шалгаж, зарим арга хэмжээг авлаа.
Өдөрт 180,000 гаруй тонн давс зам дээр цацаж байгаа. Энэ хэмжээний давс цасаар дамжаад гол руу орвол бохирдлын хэмжээг нэмэх нь гэдгийг анхаарах ёстой.
Улаанбаатар хот болон аймгуудад төв цэвэрлэх байгууламжууд байгаль орчны болон голын бохирдлын эх үүсвэр болоод байгаа. Тийм учраас төв цэвэрлэх байгууламжуудыг яаралтай чанаржуулах шаардлагатай.
Монгол Улсад ус ашиглаж байгаа ААН, байгууллагууд төлбөрөө төлдөггүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар байна. Энэ нь ус ашиглуулж мөнгө олох гээд байгаа асуудал биш. Харин хэн, хаана хэдэн литр усыг хэрхэн ашиглаж буйг тодорхойлох, гарч байгаа хаягдал усны хэмжээнээс шалтгаалж, тухайн үйл ажиллагааг зөвшөөрөх эсэхийг шийддэг.
Наймдугаар сараас барилгын үйл ажиллагаа явуулж буй компаниудын шүүрлийн уснаас төлбөр авдаг болсон. Арваадхан компанийн шүүрүүлж буй усны хэмжээ нэг сарын дотор хоёр сая метр куб болж байна. Гэтэл Улаанбаатар хотод УСУГ жилдээ 48 сая метр куб усыг нийлүүлдэг. Энэ нь барилгын шүүрлийн усаар ямар их хэмжээний ус алдаж буйг харуулж байна.
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс машин угаалгын газруудад цэвэр ус өгөхийг хориглох буюу гэрээ байгуулахгүйгээр цэвэр ус нийлүүлэхгүй байх асуудлыг УСУГ-тай ярьж байна. Энэ тохиолдолд машин угаалгын газрууд хүнсний үйлдвэрүүдийн хаягдал болон барилгын компаниудын шүүрлийн усыг ашиглах боломжтой. Ингэснээр хаягдал усыг дахин ашиглах, машин угаалгын газруудын зардал багасаж, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, Туул голын бохирдлыг багасгана. Үүнд арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, зочид буудал, бассейнууд хамаарна.
Нэг литр усыг ч хэмнэж, гол руу хог хаяхгүй байхыг уриалж байна” гэв.