Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр манай улсын эмийн чанар стандартын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эм бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой бүтээгдэхүүн. 30 жил эмийн асуудлыг төрийн оролцоо хяналт маш султайгаар хувийн хэвшлийн нуруун дээр тохоод явж ирсэн. Иймд төрийн оролцоо дэмжлэг болон зохицуулалт, хяналт байх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр сууриараа хуульд өөрчлөлт оруулж удахгүй Их хуралд оруулж ирнэ.
Төрийн худалдан авалтын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Олон Улсын худалдан авалтын систем байна. Энэ системийг ашиглаж шууд эм, эмнэлгийн хэрэгслээ худалдан авдаг байх хуулийн зохицуулалттай болсон ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжинэ.
Төрийн эрүүл мэндийн байгууллагуудын худалдан авч ашиглаж байгаа эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмийг төр өөрөө олон улсын худалдан авалтын системээс шууд худалдан авах систем лүү шилжинэ.
Эмийн чанар дээр хяналт баталгаажуулалт хийдэг лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Дэлхийн банкны санхүүжилтээр ирэх жил таван тэрбум төгрөгийн дэмжлэгийг авч орчин үеийн жишигт нийцсэн эмийн лабораториудтай болохоор ажиллаж байна” гэв.