Цаг уур, орчны шинжилгээний газраас өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл өглөө.
ЦУОШГ-ын дарга Г.Оюунжаргал “Өнгөрсөн аравдугаар сард цаг агаар, тогтвортой сайхан байлаа. Хур тунадас багатай, агаарын температур өмнөх жилээс 4.7 градусаар олон жилийн дунджаас 3.8 градусаар дулаан байсан.
1940 оноос хойших хур тунадас багатай 13 дахь 10 дугаар сар болж өнгөрлөө.
Арваннэгдүгээр сарын 3-5-нд их цас орж, шууран, аюултай үзэгдэл болсон. Ихэнх нутгаар 0-16.7мм цас орсон. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 10мм, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 16.7мм цас орсон байна. Салхины хурд 10-18м/секундэд хүрч, 1-22 цаг цасан шуурга үргэлжилж, найман хүний амь нас эрсэдсэн гамшигт үзэгдэл боллоо.
Хиймэл дагуулын мэдээгээр арваннэгдүгээр сарын эхээр монгол орны нийт нутгийн 57%-д цасан бүрхүүл тогтсон байна. Төв аймгийн Эрдэнэсант суманд 36.1см цасан бүрхүүлтэй байгаа нь хамгийн их. Цасан бүрхүүл багасахгүй. Харин говийн нутгаар цасны зузаан намсаж, сууж магадгүй.
Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулъя.
Арваннэгдүгээр сарын 14, 15-нд цасан шуурганы аюултай үзэгдэл болно. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хур тунадасны хэмжээ бага, салхины хурд 10-18м/секундэд хүрэх төлөв гарлаа.
Арваннэгдүгээр сарын 14-нд
Баруун аймгуудын нутгаар цасан шуургатай
Арваннэгдүгээр сарын 15-нд
Зүүн аймгуудын нутгаар цасаар шуурна.
Арваннэгдүгээр сарын 16-наас ихэнх нутгаар дулаарна. Дулаарахаар зузаан тогтсон цасны дээд хэсэг өдөртөө хайлмагтаж, шөнөдөө хөлдсөнөөр малын бэлчээрт хүндрэл учруулдаг. Өвөлжилт хүндрэхээр байна” гэв.