Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр “Нийгмийн даатгалын сан дотор таван төрлийн сан харьяалагдаж байдаг. Арилжааны банкууд дээр тэдгээр таван сан нийт дүнгээрээ 2,650 данстай байна. Мөн төрийн сан дээр 750 данстай үйл ажиллагаа явуулж байна.
Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг явуулахын тулд яагаад 3,400 гаруй данс шаардлагатай байгаа юм бэ гэх асуудал үүсэж буй. Үүнийг арилжааны банк тус бүр дээр нь нэг данстай, төрийн сан дээр нэг л данстай болгож өөрчилнө.
Ямар нэгэн байдлаар механикаар хүнд суртал үүсгэж байгаа асуудлыг илрүүлэн, төр өөрөө өөрийгөө толинд харж авлаа гэсэн үг. Нэгэнт толинд хараад авсан болохоор алдаа дутагдлуудаа засаж, залруулж богино хугацаанд шийдвэрлэх нь бидний үүрэг юм.
Хоёр дахь жишээг дурдвал Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ тусдаа байсан. Нэг төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой хоёр байгууллага хоорондоо 1.5 километрийн зайтай оршиж байдаг.
Нэгнээс нь үйлчилгээ авах гэхээр нөгөө байгууллагаас бичиг авсан байх шаардлагыг тавьдаг. Иргэд энэ хоёр байгууллагын хооронд цаг алддаг, хүнд сурталд автдаг.
Бидний өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнгээр төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд бүгд ижил төрлийн үйлчилгээг иргэнд үзүүлж чаддаг болох тогтолцоонд оруулах юм” гэлээ.