Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.11.01/ болж байна. Шүүх хурлыг шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлүүлэх эрхийг хангах зорилгоор түүний шинээр нэмж авсан өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хүлээн авч, өнөөдрийг хүртэл хойшлуулсан байсан юм.
Өмнө нь хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнгөрсөн аравдугаар сарын 10-нд болсон. Шүүх хуралдаанд Ц.Хулан, Б.Отгонбаатар нар өөрийн биеэр оролцож, Ц. Хулан болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг дахин хойшлуулж байв.
Эргэн сануулахад, гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулан давж заалдахаар болжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон.
Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.