Ардчилсан Намаас 2024 оны төсвийн асуудал, “Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлгийн талаар болон хотын асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Төсвийн талаар Ардчилсан Намын дэд дарга Ц.Жадамбаа “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлэг орон даяар эхлээд нэг сар өнгөрлөө. Миний хувьд Говьсүмбэр аймаг болон Баянзүрх дүүрэгт сар ажилласан. Говьсүмбэр аймагт эдийн засгийн хувьд өнгөтэй өөдтэй юм алга, улс төрийн гадуурхалт их, намын үзэл хэрээс хэтэрсэн байна. Ардчилсан Намын үед тарьсан модыг хүртэл гадуурхаж услахгүй долоон жил болжээ. Энэ бол улс төрийн өнцөгтэй эмгэнэлийн жишээ” гэв.
“Айлаар жишээ авахад хүнээс зээлж өр дараад олж байгаа орлогоо үрэлгэн зарцуулж байна”
Тэрбээр Баянзүрх дүүрэгт ажилласан нэг сарын хугацаандаа 20-85 насны 512 иргэнээс найман асуулттай судалгаа авахад дараах үр дүнгүүд гарсан байна.
20-85 насны 512 иргэний:
Зээл:
- Төрийн албаны 63 хүн дотор зээлгүй 27, зээлтэй 36
- Хувийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа 181 иргэний зээлгүй 56, зээлтэй 125
- Хувиараа бизнес эрхэлдэг 182 хүний зээлгүй 56, зээлтэй 126
- Ажилгүй хайж байгаа 27 иргэний зээлгүй 7, зээлтэй 20
- Тэтгэврийн насны 59 иргэний зээлгүй 17, зээлтэй 42 хүн байна.
- Эдгээр хүмүүсийн дундаж цалин 1,200,000₮-1,300,000 төгрөгийн хооронд байна.
Хуримтлал
20% нь хуримтлалгүй, 80% нь хуримтлалтай байна.
Монгол Улсын ирээдүйг юу гэж харж байна вэ? Амьдралаа ирээдүйд хэрхэн төсөөлж байна гэж асуухад:
Гадаад улсад ажиллах сонирхолтой 164 хүн, цалин тэтгэврээ нэмүүлье гэсэн 159 хүн байна.
Судалгааны үр дүнг тэрбээр амьдрал өнгөрсөн долоон жилийн хугацаанд улам хүндэрсэн байна, Ардчилсан Намын үед байсан өрийн үзүүлэлт одоо өссөн гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр дараах статистикийг танилцууллаа.
2023 оны байдлаар
- Алтан тариа дээд гурил 2016 онд- 1,585₮ байсан бол 2023 онд- 3,562₮ буюу нэмэгдсэн үнэ нь килограмм тутамд 1,977 төгрөг. Өсөлт нь 125%
- Шар будаа 2016 онд- 1,730₮ байсан бол 2023 онд- 3,617₮ нэмэгдсэн үнэ нь 1,887₮ өссөн хувь нь 109%
- Ямааны мах 140%
- Бензин: А80 62%, А92 56%, А95 114%, дизель түлш 111% өссөн байна.
Уг статистикийн талаар тэрбээр зургаан жилийн хугацаанд цалин 77$-оор нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 60-150% өссөн учир цалингийн нэмэгдэл үр дүнгүй байна гэв.
Тэрбээр “Өнгөрсөн жил төсөв ашигтай гарсан гэж дүгнэсэн. Гэтэл тэр төсвийг ашигтай гаргахын тулд Ирээдүйн өв сангийн 2030 он хүртэл хүрч болохгүй төсвөөс хууль өөрчлөх замаар 1.4 тэрбумыг зарцуулсан гэх мэдээлэл байна. Хэрэв энэ үнэн бол ард иргэддээ хэлээч ээ. Яагаад тоогоо засаад байгаа юм бэ? Айлаар жишээ авахад хүнээс зээлж өр дараад олж байгаа орлогоо үрэлгэн зарцуулж байгаа нь тухайн айл ямар ч эдийн засгийн бодлогогүй төлөвлөлт нь буруу явж байгаагийн илрэл юм” гэв.
“27,000 хураах хууль чинь хуульчлагдсан тонуул шүү”
Ардчилсан Намын дэд дарга Ч.Өнөрбаяр “Д.Мөнх-Эрдэнийг хорих ангид зодсон асуудал маш ноцтой асуудал. Д.Мөнх-Эрдэнийн асуудлаар сонсгол хийж хорих ангийн дарга, албан тушаалтнуудаас хариулт авах ёстой.
Мөн Д.Амарбаясгалан өчигдөр Засгийн газраас онц байдлын асуудлыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэл хийлээ. Онц байдал тогтооно гэдэг бол хуульгүй аашилна л гэсэн үг. Учир нь 1991 оны буюу социализмын үеийн хуулиар онц байдал тогтоож байна. Эрдэнэт дээр онц байдал тогтоосон ногдол ашиг нь иргэдийн гар дээр очоогүй.
Түүнчлэн Х.Нямбаатар Хууль зүйн яаман дээр баахан сэлэм эргүүлж давхидаг шигээ хот удирдахгүй. 27,000 хураах хууль чинь хуульчлагдсан тонуул шүү. Олон хүмүүс хотын төв рүү орж ирж амьдралаа залгуулж байна. Өдөрт хэдэн хүн хотын төв рүү орж ирж байгаа тооцоог гаргасан уу?” гэв.
“Эрх баригчдын баталсан алдагдалтай төсвийг санхүүжүүлэх гэж гаднаас зээл авч өрийн сүлжээнд орж байна”
Ардчилсан Намын төсвийн бодлого хариуцсан дэд дарга Ш.Жандос “2024 оны улсын төсөв урьд өмнө байгаагүй хамгийн өндөр дүнтэй төсөв болж байна. Монгол Ардын Нам засаг барьсан найман жилийн хугацаанд 20 их наяд төгрөгийн алдагтай төсөв баталсан байна. Монгол Улс өрийн сүлжээнд орсон нь эрх баригчдын баталсан алдагдалтай төсвийг санхүүжүүлэх гэж гаднаас зээл авсантай холбоотой.
Төсвийн орлогыг 18 их наяд төгрөгөөр төлөвлөсөн байна. Энэ орлогыг бүрдүүлэх эдийн засгийн чадамж Монгол Улсад байхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын ил тод байдлыг эрх баригчид үгүй хийж байна. Одоо хүмүүс баримт өгөхгүй, татвараас зайлсхийдэг болж байна. Ийм үед энэ их орлогыг бүрдүүлэх боломжгүй.
Төсөв томрохын хэрээр төр томорно. Энэ их мөнгийг төсөвт төвлөрүүлэхийн оронд зах зээлийн зарчмаар нь явуулаад нийлүүлэх аргыг бодох хэрэгтэй. Төсөв нэмэгдсэн ч иргэдийн амьдрал өөрчлөгдөхгүй байна” гэв.