Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2023.10.29/ цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгсөн.
Тэрбээр нийслэлд тулгамдсан асуудал болох замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах болон шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо танилцуулсан юм.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдөр Улаанбаатар хотод 720 мянган авто машин байна. Энэ тоо жилд дунджаар 50 мянгаар нэмэгддэг гэх судалгаа бий. Энэ хурдаараа явах юм бол бид хэдхэн жилийн дотор нэг сая авто машинтай болно. Тиймээс хязгааргүй орж ирж байгаа импортын машиныг хязгаарлах бодлого барьж ажиллахгүйгээр авто замын сүлжээг өргөсгөх, тойрог хурдны зам байгуулах зэргээр түгжрэлийг шийдэж чадахгүй. Тиймээс ойрын хугацаанд хязгааргүй орж ирж байгаа авто машинд дугаар олгох үйл явцыг цэгцэлж, хуулийн төсөлд тусгаж өгч байна. Харин өнөөдөр явж байгаа авто машин дугаар эзэмшиж байгаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй” гэлээ.