Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2023.10.29/ цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэрбээр нийслэлд тулгамдсан асуудал болох замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах болон шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо танилцуулсан юм.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хамгийн том зоригтой шийдвэр бол метро. Үе, үеийн Хотын дарга нар метро тавих амбиц, мөрөөдөлтэй байсан ч техник, эдийн засгийн үндэслэл, санхүүгийн нөхцөл байдал, улс төрийн дарамт шахалт зэргээс шалтгаалж байсан. Тэгвэл ирэх жил гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх том бодлого, зорилтыг дэвшүүлж байна. Хятадын талтай хамтарч ажиллах асуудлыг судална. Хоёр улсын яриа хэлэлцээр амжилттай болсон. Тэгэхээр цаашид хотын өмчлөлд байгаа уул уурхайн төсөл, хөтөлбөрүүдийг томоохон бүтээн байгуулалтыг барьж байгуулахад зарцуулна” гэлээ.