“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн жил тутам зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага” Иргэний нийгмийн чуулган өнөөдөр болж байна.
Чуулганы үеэр “Боловсролын багц хууль, иргэний нийгмийн нөлөөлөл, үр дүн” сэдэвт илтгэлийг Бүх нийт боловсролын төлөө эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг танилцуулсан юм.
Тэрбээр “Боловсролын хууль манай салбарт өөрчлөлтийн салхийг авчирна гэж найдаж гурван жилийн хугацаанд олон хүн хүч оролцож боловсролын багц хуулийг баталсан.
Иргэний нийгмийн байгууллагаас дөрвийн дөрвөн хууль батлуулахад оролцоно гэдэг бол хүнд сорилт. Гэхдээ боловсрол эвслийнхэн энэ сорилтыг амжилттай давж чадсан.
Боловсролын салбарын оролцогч талуудыг судлаач, эрдэмтэд тодорхойлсон байдаг. Тухайлбал сургуулийн хамт олон, сургалтын болон иргэний нийгмийн байгууллагууд гэх мэтчилэн оролцогч талууд бий.
Бид өнгөрсөн 10 жилд хийсэн судалгаа болон бусад ажлаа бодит үйл хэрэг болгоход том алхам хийх ёстой. Өөрөөр хэлбэл боловсролын хуульд өөрсдийн хүсэл зорилгыг тусгах ёстой гэж үзсэн.
Боловсролын ерөнхий хуулийн заалт нь боловсролын бүх түвшинд хамаатай байх ёстой. Тэгвэл дээд боловсролын тогтолцоо үүнд бэлэн үү? гэх асуулт байна. Тэд бэлэн биш.
Тэгвэл тэгш хамруулах боловсролыг өнөөдөр зөвхөн Ерөнхий Боловсролын Сургуулиудад л ярьж байгаа. Цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагууд бэлэн биш. Мөн их, дээд сургуулиуд бүгд бэлэн биш. Иймд боловсролын тухай хуулийг боловсролын бүх түвшинд хэрэгжүүлэх ёстой” хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн “Сонсгол, харааны бэрхшээл, аутизм, дауны хам шинжтэй ямар ч хүүхдийг боловсролд тэгш хамруулах ёстой.
Жишээлбэл дохионы орчуулагчийн орон тоо сургууль дээр хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл холбогдох хуульд нь ийм заалт байхгүй. Дохионы орчуулагчийн орон тоо гэж ЕБС-д байдаггүй.
Тэгвэл тэгш хамруулахад төрийн бус өмчийн байгууллагууд бэлэн үү. Та бүхэн нийгмийн олон янз, ялгаатай бүлгийн хүүхдүүдийг хүлээж авахад бэлэн үү? гэж асуухад “бэлэн болох ёстой” гэж хэлэхүйц ийм хууль баталсан.
Энэ хуулийг боловсруулахад дараах зарчмыг тодорхойлсон. Тодруулбал
- Тэгш хамруулах боловсролыг бодит ажил хэрэг болгох хууль
- Хүн насан туршдаа суралцдаг гэдгийг ойлгож, баталгаажуулсан хууль
- Хүмүүнлэг буюу хүний эрхэд суурилсан, жендэрийн шударга ёсыг бататгасан хууль байх ёстой” хэмээв.