УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг энэ оны 12 дугаар сарын 30-наас өмнө өөрчлөх хуулийн заалттай. Тус хуульд эмэгтэйчүүдийн квот, зардал бууруулахаас эхлээд олон асуудлыг УИХ-ын сонгуулийн хуультай нийцүүлэн өөрчлөхөөр тусгасан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Орон нутгийн сонгууль иргэдэд нээлттэй, тэдний оролцоог хангах чиглэлээр нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулж байна. Улсын хэмжээнд санал авах байр буюу хэсгийн хороо 2,148 бий.
Эдгээр хэсгийг бүрэн камержуулснаар хөндлөнгийн хяналт тавих боломж бий болно.
Сонгуулийн зардлыг бууруулах, сурталчилгааг оновчтой, хүртээмжтэй байдлаар явуулах чиглэлд хэд хэдэн зүйл заалтыг хуулийн төсөлд оруулсан. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид мөнгөний нөлөөлөлгүй байх зарчмыг тусгаж өгсөн. Самбарын биш бодлогын өрсөлдөөнийг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулж өгөх ёстой.
Сонгуульд мөнгөтэй хүн нэр дэвшдэг гэсэн буруу ойлголтыг хална. Сонгуулийн сурталчилгааны үед 70-80 мянган самбар улсын хэмжээнд хэвлэгддэг. Хэн мөнгөтэй боломжтойгоо харуулсан самбарын өрсөлдөөн ингэж явагддаг байсан.
Иргэдэд ойлгомжтой мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн нэгдсэн самбартай болгох талаар тусгасан. Ингэсээр улсын хэмжээнд 1,523 самбар хийгдэж зардал буурна. Сонин хэвлэл, сэтгүүл, ухуулагчдын тоог багасгаж өгсөн.
Анхан шатан дахь улс төржилтийг багасгах, нутгийн өөрөө удирдлагын байгууллагын уялдаа холбоог хангана. Сум дүүргээс сонгогдсон хурлын төлөөлөгч нар тухайн орон нутгийнхаа асуудлыг аймаг, нийслэлийн хэмжээнд шийдүүлэх боломжтой болно” хэмээв.
Түүнчлэн өнөөдрийн танилцуулж буй хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацааг 10 хоног болгох талаар тусгасан байна.