УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрүү, иргэн, татвартай холбоотой хуулийн өөрчлөлтийг зөвхөн Засгийн газар өргөн барих хуультай. Иймээс Г.Занданшатар даргын ярьж буй НӨАТ-ын асуудал хуульд нийцэж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.
Үүнтэй зэрэгцэн миний өргөн барьсан НӨАТ-ыг таван хувь, буцаан олголт нь хоёр хувь, нийт төлөх татвар нь гурван хувь байх энэхүү өөрчлөлтийн төслийг 2020 онд өргөн барьсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдахаас хоёр хоногийн өмнө өргөн барьснаараа хуульд нийцсэн юм.
10 хувийн НӨАТ-ын татвартай байгаа тохиолдолд таван хувийн буцаан олголт олголоо ч гэсэн татварын бааз хангалттай нэмэгдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 120,000 аж ахуйн нэгжийн 80,000 нь НӨАТ төлөгч байна. Эдгээр ААН-ийн тоо нэмэгдэхгүй. Хувиараа бизнес эрхэлж буй 250,000 хүний 50,000 нь НӨАТ төлөгч байгаа юм. Үлдсэн 200,000 нь НӨАТ төлөгчөө орж ирэхгүй байх нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Татварын хувийг нь багасгаж байж далд орлогууд ил болно. Орон нутагт НӨАТ-ын баримт өгдөг дэлгүүр бараг байхгүй. Тиймээс иргэд энэхүү буцаан олголтод хамрагдаж чадахгүй байгаа” хэмээв.