Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Сонсголын үеэр Хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргал хүүхэд хамгааллын асуудал бодит байдал дээр ямар байгаа талаар дараах шүүмжлэлтэй байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Хүүхэд хамгааллын 108 утсанд ээж нь эсвэл аав нь манай хүүхдийн эрх ашгийг хамгаалаач гэж дуудлага өгдөг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл энэ оны дөрөвдүгээр сард би өөрөө гадаадад явж байна, ээж нь хүүхдээ орхиод явсан гэсэн дуудлага өгсөн. Гэтэл сая 10 дугаар сард тухайн хүнтэй “танай хүүхэд яасан бэ, би одоо дөнгөж ажилдаа орж байна” гэж холбогдсон байгаа юм.
Энэ хугацаанд тухайн хүүхдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлд орсон бол яах вэ? Аз болж тухайн кейс дээр эрсдэл бага гарсан.
Дуудлага мэдээллийг яаж шийдсэн нь тодорхойгүй байна. Хариу өгье гээд алга болдог байдал байсаар байгаа. Үүнд хариуцлага хүлээлгэдэг механизм байхгүй.
Хамтарсан багийн бүрэлдэхүүнд ажиллаж буй хүмүүсийн ажлын чиг үүрэг өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Ямар ажил хийж, ямар хэмжээний цалин хөлс, хэрхэн хариуцлага тооцох талаар хуульд суулгаж өгнө үү. Одоо механизм юунаас болоод ажиллахгүй, яагаад хүүхдэд хүрч ажиллахгүй байна вэ, бодит байдал дээр ямар албан тушаалтан энэ асуудлыг хариуцаж байна гэдэг талаар судалгаа хийх нь чухал байгаа юм. Энэ тал дээр арга хэмжээ аваад өгөөч гэж хүсмээр байна” хэмээв.
“Огт сэтгэл зүйчгүй аймаг хүртэл бий”
Харин түр хамгаалах байрны асуудлаар “Орон нутагт ажиллаж байхад түр хамгаалах байрны асуудлыг байнга ярьдаг. Өмгөөлөгч нар хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй уг байранд очиж ярилцдаг. 7-14 хоног л тухайн хүүхдийг тэнд байлгах боломжтой. Удаан хугацаанд байлгаж, сунгах боломжгүй.
Түр хамгаалах байрны түлхүүрийг орон нутагт нэг л хүн эзэмшиж байдаг. Түр хамгаалах байрны түлхүүрийг эзэмшиж байгаа ч өөр ямар арга хэмжээ авахаа мэддэггүй. Тэнд сэтгэл зүйч ажиллах ёстой байтал байдаггүй.
Аймгийн хэмжээнд ганцхан сэтгэл зүйч ажиллаж байна. Огт сэтгэл зүйчгүй аймаг хүртэл бий. Ийм тохиолдолд яаж хүүхдийн эрх ашгийг хамгаалах юм бэ? Түр хамгаалах байранд байгаа хүүхдийг хэрхэн буцааж гэр бүлийнх нь уур амьсгалд оруулах вэ. Энэ ажлыг сэтгэл зүйч хийх үү, эсвэл нийгмийн ажилтан ажиллах уу? Тэгвэл мэргэшсэн нийгмийн ажилтан хаана байна вэ гэдэг асуудал яригддаг. Үүнтэй холбоотой ажил хийгээд өгөөч” гэв.
“Хүүхдийн эрхийн байгууллагыг мэдээллийн удирдлагын нэгдсэн системтэй болгож өгөөч”
Түүнчлэн “Орон нутагт гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд 2-3 удаа хамтарсан багаар ороод, түр хамгаалах байранд очсон гэж бодъё. Гэтэл тухайн гэр бүл хотод шилжиж очоод энэхүү үйлдэл давтагдсан.
Тэгвэл хэн хэзээ хэдэн удаа түр хамгаалах байраар үйлчлүүлсэн, тухайн эцэг, эх гэр бүлийн хүчирхийллийг яагаад удаа дараа үйлдээд байгаа талаарх асуудал тодорхойгүй. Тиймээс хүүхдийн эрхийг байгууллагыг мэдээллийн удирдлагын нэгдсэн системтэй болгож өгөөч” гэдгийг онцоллоо.