Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Байнгын Хорооны өчигдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн хоёр дахь шатны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг нар Төв номын сангийн барилга 90 хувьтай гэсэн боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад орсонгүй. Хэзээ бүрэн ашиглалтад орох вэ, Соёлын сайдын багцад бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжид 22 тэрбум 620 сая 500 мянган төгрөг төсөвлөсөн нь өмнөх оныхоос 1 тэрбум 951 сая төгрөгөөр нэмэгдсэн гэжээ.
Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн хорооны үйл ажиллагааны зардлыг тусгасан гэж тайлбарласан байна. Энэ хөрөнгийн зарцуулалтыг тодруулахыг хүслээ. Мөн хүүхдүүдэд зориулсан монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ямар контент гаргасан вэ, энэ жил хэчнээн төгрөг төсөвт суусан бэ, Соёл урлагийг дэмжих сангаас 2023 онд 19 төсөл арга хэмжээнд 651 сая төгрөг олгосон байна. 2024 онд 3 тэрбумын төслийн санал хүргүүлснээс 800 сая төгрөг тавигдсан байна. Эдгээр хөрөнгөөр ямар төсөл арга хэмжээ хэрэгжсэн бэ гэх зэргээр асуув.
Үүнд Соёлын дэд сайд М. Батбаяр Монгол Үндэсний номын сан энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. 2022 онд барилгын ажил доголдсон боловч шинэ гүйцэтгэгчийг шалгаруулж, барилга ашиглалтад орж байна.
Кино урлагийг дэмжих сан нийтдээ 10 тэрбум хөрөнгөтэй. Сангийн журмын дагуу 11 төсөл арга хэмжээнд 1.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Соён гэгээрүүлэх чиглэлийн сайдын багцаас болон Соёл урлагийг дэмжих сангаас контент бүтээх зардлыг санхүүжүүлж байна. Тухайлбал 2022 онд тус сангийн зардлын 50 хувийг хүүхдийн хөгжлийг дэмжих контент бүтээхэд зарцуулсан.
Нийтдээ 36 төслийг хүүхдэд зориулсан контент бүтээхэд зарцуулсан байна. Мөн хүүхэд бүрд хүртэх соёлын талын олон арга хэмжээг авч байна гэж хариулжээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Үндэсний номын сангийн шинэ барилга нь 11 давхар, 9,948.2 ам.метр талбайтай юм.