Авлигатай Тэмцэх Газраас хэвлэлийн хурал зохион байгуулж, сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр газар болон барилга байгууламжтай холбоотой шалгагдаж буй хэргийн талаар мэдээлэв.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг “АТГ-т шалгаж буй хэргийн нэлээдгүй их хувийг газар олголт, стандарт зөрчиж барилга, байгууламж барьсан, ашиглалтад хүлээн авсан гэдэг гомдол мэдээлэл эзэлж, эрүүгийн үүсгэн хэрэг шалгагдаж байсан.
Улаанбаатар хотод зун үерийн гамшиг болж, олон иргэн, ААН-д хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас АТГ хандсаны дагуу нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газрын, усны тухай хууль, бусад хуулийг зөрчиж, үерийн далан суваг шуудуу бүхий газарт газар, барилга барих зөвшөөрөл олгож, баригдсан барилгыг ашиглалтад хүлээн авсны улмаас бусдад давуу байдал олгосон гэх хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогоор хэрэг бүртгэлтийн 8, мөрдөн байцаалтын нэг хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна.
Энэ хугацаанд 29 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, 125 албан тушаалтныг дуудан ирүүлж, мэдүүлэг авсан, 10,000 гаруй хуудас материалыг хүлээж авч, дүн шинжилгээ хийх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрх бүхий байгууллагуудтай хамтран шинжилгээ хийхээр ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа цаашид явагдана.
Дараагийн хэвлэлийн хурлын үеэр дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно” гэв.