Бага насны хүүхдүүдийн дунд анхаарал төвлөрөл муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэг сүүлийн жилүүдэд ихсэх боллоо. Дунджаар 6-8 настай хүүхдүүдэд элбэг тохиолдож байгаа энэ эмгэг нь хүүхэд бусадтай ярилцаж байхдаа анхаарал нь саринах, их ярих, хэт хурдан ярих, сууж байхдаа гар хөлөө байнга хөдөлгөх, хичээлдээ төвлөрч чадахгүй байх, байнга гүйж харайж явах, ийш тийш авирах, хийж байгаа зүйлээ дуусгалгүй орхих, хичээлийн хэрэглэл, тоглоом, хувцасаа энд тэнд гээх мартах гэх мэт шинжүүдээр илэрдэг байна. Энэ эмгэг ужгирвал хүүхдийн сурлага муудах, тогтворгүй ааштай болох, сэтгэл зовнил, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн архаг явцтай эмгэгт хүргэдэг байна.
Анхаарал төвлөрөл муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн шалтгаанийг бүрэн гүйцэт судлаагүй байгаа боловч жирэмсний үед архи согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах болон дам тамхидалтанд өртөх, орчны бохирдол, хэт их боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хүнсний синтетик будагч бодис агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг нь тус өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байгааг тогтоогоод байна. Бага насны хүүхдүүдийн хэрэглэх дуртай өнгө өнгийн чихэр, жигнэмэг, чихэрлэг ундаа, амттангууд нь химийн синтетик гаралтай будагч бодис агуулсан байдаг.
Сүүлийн үед хүнсний будагч бодис болон хүүхдийн анхаарал муудах, хэт хөдөлгөөнтөх эмгэг 2-ын хооронд хамаарал байгааг, эрүүл мэндийн асуудал урган гарч ирж байгааг зарим судлаачид онцолж байна.