Багш хүн сурагчдаа хэзээ ч шалгалтандаа унаасай гэж хүсдэггүй ба сурагчдаараа бахархдаг гэдэгт би итгэдэг.
Сайн багш гэдэг бол шавь нараа өөрөөсөө илүү дээр болоход тусалдаг гэж Та сонсож байсан байх. Тэгвэл багш хүний шавь нартаа хандаж буй харилцаа хандлага нь тэднийг хэн болох, ирээдүйд хэр амжилттай байхад чухал нөлөөтэй байдаг билээ.
БАГШИЙН МЭДЛЭГ УР ЧАДВАРААС ИЛҮҮ ТЭДНИЙ ХАРИЛЦАА НЬ СУРАГЧДАД НӨЛӨӨЛДӨГ
Өнгөрсөн зуунд мэдлэг олж авах гэдэг нь зөвхөн ямар нэгэн шинжлэх ухааныг судалж, таньж мэдэх гэдэг утгаар хүлээн авч, энэхүү мэдлэг мэдээллийг энэ чиглэлээр мэргэшсэн хүн л бусдад дамжуулна гэсэн ойлголт байсаар ирсэн. Тиймээс багш бүхнийг мэддэг бөгөөд сурагч юу ч мэдэхгүй, багшийн зааж байгаа бүхнийг хүлээн авснаар мэдлэгийг олж авна.
Тиймээс багш нар ч гэсэн сурагчдаасаа суралцдаг, тэднийг илүү сонирхон илүү таньж мэдэх хандлагатай байж, тэднийг хайрладаг гэдгийг мэдрүүлэх нь сурагчид сайн сурахад нөлөөлдөг.
БАГШИЙН ХАРИЛЦАА ХАНДЛАГА СУРАГЧИЙН ӨӨРИЙН ҮНЭЛЭМЖИД НӨЛӨӨЛДӨГ
Сурагч даалгавараа хийгээгүй, хичээл дээр ярих, үймүүлэх гэх мэт үйлдэл гаргах үед багш өөрт төрж байгаа сэтгэл хөдлөлөө зохицуулж чадахгүйгээр орилох, олон хүүхдийн өмнө гутаан доромжлох, хэлэх хэлэхгүй үг хэллэг хэрэглэснээр хүүхэд өөртөө итгэлгүй болох, өөрийнхөө үнэ цэнийг алдах улмаар хичээлдээ дур сонирхолгүй болоход нөлөөлдөг. Ямар ч нөхцөлд багш өөрт төрсөн сэтгэл хөдлөлөө анзаарч өөрөө эхлээд тайвширсны дараа сурагчидтайгаа хувьчлан ярилцаж, сонсох нь асуудлыг илүү зөвөөр шийдэхэд тусалдаг. Ууртай байх үедээ асуудлыг шийдэх гэж бүү оролдоорой. Уурласнаасаа болоод хэлэх хэлэхгүй үг хэлэх эсвэл буруу үйлдэл хийхэд нөлөөлдөг.
ХҮҮХДИЙН ГАРГАЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ ЗӨВХӨН МӨСӨН УУЛЫН ОРОЙ ЮМ
“Хэлээд хэлээд ойлгохгүй байна”, “Удаа дараа сануулсан ч үгэнд орохгүй байна” гэх мэт байдлаас болоод хүүхдийг бүхэлд нь муу сурлагатан, хоосон толгой, залхуу, 00-ийн ногоон тэг гэх мэтээр харж эхэлдэг. Гэвч хүүхдийн сэтгэл санаа ямар байгаа учир энэ хүүхэд ийм зан үйлдэл гаргаж байгаа вэ гэдгийг нь сонирхож асуух юмуу эсвэл сонсдоггүй. Дийлэнхдээ хүүхдийн гаргаж байгаа үйлдэл нь сэтгэл санааных нь байдалтай шууд холбоотой байдаг.
Магадгүй гэр оронд нь болж байгаа асуудлаас болоод сэтгэл нь тавгүй байх, хичээлээ ойлгохгүй байдлаас болж ичиж санаа зовох, хичээлээ сайн хийж чадахгүй учир өөрийгөө буруутай мэт мэдрэх, ангийнхаа юм уу бусад хүүхдийн дарамт шахалтанд орсноор айж эмээх, өөрийг нь чадна гэсэн мэдрэмж өгдөггүй учир өөрийгөө дүүрсэн хүн гэж харах гэх мэт.
ХҮҮХДИЙН АВСАН ДҮНГЭЭС ИЛҮҮ ЗАН ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ ЧУХАЛ ЮМ
Тухайн хүүхдээр ямар нэгэн зан үйлдэл хийлгэхийн тулд нэг бол шагнаж урамшуулах, нэг бол шийтгэл оногдуулах (биховеризм) гэсэн системээр боловсролын систем явсаар ирсэн. Гэсэн хэдий ч энэ арга нь хэсэг хугацаанд л үр нөлөөтэй байдаг бөгөөд насан туршийнх нь зан чанар, зуршил болоход нөлөөлдөггүй гэдгийг судалгаагаар баталж байгаа билээ. Энэ бол тухайн хүүхдийг гаднаас нь сэдэлжүүлэх арга бөгөөд явцгүй.
Харин дотоод сэдэлжүүлэлт буюу мотивац нь ямар ч нөхцөлд хүүхэд сурах дур сонирхолтой байвал ямар нэгэн шагнал урамшуулалгүйгээр ч зорилгодоо хүрэх гэж тэмүүлдэг билээ. Хүүхдийг хичээлд дур сонирхолтой болгохын тулд ямар нэгэн юм авч өгнө, шагнана үгүй бол би ингэхгүй тэгэхгүй гэж айлгаад ч тус болдоггүй. Мэдээжийн хэрэг сурагчдаасаа юу хүсэн хүлээж байгаа гэдгийг тодорхой хэлээд ямар үр дагавар гарах вэ гэдгийг нь ойлгуулж, улмаар хийгээгүй тохиолдолд үр дагаварыг нь амсуулах нь хүүхэд сурахад бас тусалдаг.