2023-10-12 18:181min00

Агаарын чанар хэмжигч 19 станц сүүлийн 24 цагт угаарын хийн агууламж өссөн үзүүлэлт байгаагүй гэв

УГААРЫН ХИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Улаанбаатар хотын зарим хэсэгт тархсан хурц үнэртэй холбоотойгоор нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын үзүүлэлтүүдийг нийт 19 станцаар 24 цаг тасралтгүй хэмждэг.

Энэ үзүүлэлтүүдэд азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, угаарын хий, озон, тоос тоосонцрын агууламжийг ширхгээр үздэг.

Иргэдийн дунд угаарын хий явж байна гэх яриа байна. 19 станцын сүүлийн 24 цагийн мэдээллээр угаарын хийн агууламж өндөр өссөн үзүүлэлт байхгүй.

Өнөөдөр ажлын хэсгийн хамт Дүнжингарав орчимд агаарын чанарын үзүүлэлтийг үзсэн. Түгээмэл тархацтай зургаан үзүүлэлтүүд ямар нэгэн байдлаар онц ноцтойгоор өндөр гарсан, стандартаас давсан зүйл байгаагүй” гэлээ.