Нийслэл хотод үнэр тархсан асуудлаар Нийслэлийн Онцгой байдлын газарт Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Эрүүл мэндийн газар, Ус сувгийн удирдах газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Газ үнэртээд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хичээлдээ очоогүй гэх мэдээллийн дагуу харьяа дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа дүүрэг болон өрхийн эмнэлэг дээр хүмүүс ирж үзүүлсэн эсэх тандалт судалгааг 30 минут тутамд авч байгаа юм байна.
Одоогийн байдлаар үнэрээс болж хордсон иргэн байхгүй байгаа гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга З.Болормаа мэдээллээ.
Тос масло гэсэн эцсийн шийдвэр гараагүй ч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс угаар, тос масло, газын хордлогын үед ямар шинж тэмдэг илрэх түүнээс хэрхэн сэргийлэх зэрэг зөвлөмжийг авч ажиллаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагад хотоор тархсан үнэрийн талаар дөрвөн дуудлага мэдээлэл ирсэн бол Онцгой байдлын байгууллагад илүү олон дуудлага ирсэн байна.
Уг асуудалтай холбоотойгоор Баянзүрх болон Налайх дүүргийн цагдаагийн газар хэлтсүүд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран БЗД-ийн 11-р хороо Очир дагинас компани орчмын бохирын худагт үзлэг хийх ажиллагааг эхлүүлжээ.
Үзлэгийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын төвийн бүрэлдэхүүн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжээчдийн баг, Онцгой байдлын ерөнхий газрын химийн анги бусад байгууллагууд хийж байгаа юм байна.
Юу гэдэг нь нарийн тогтоогдоогүй учраас хүний биед хортой үгүйг хэлэх боломжгүй байна гэж албаныхан хэллээ.