Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас шар айргийн амт чанар цаашдаа улам муудахаар байгааг судлаачид анхааруулжээ.
Зуны хэт халалт, хуурайшилт зэрэг нь Европын зөрөг цэцгийн тариалангийн ургацын хэмжээ, чанарыг муутгаж, шар айргийн өвөрмөц гашуун амтыг улам бүр сулруулж буй тухай “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлсэн байна.
Чехийн Шинжлэх Ухааны Академи, Кэмбрижийн Их Сургуулийн эрдэмтэд 1971-1994, 1995-2018 онуудын хооронд Европ тивийн зөрөг цэцгийн гол тариалангуудын ургацын хэмжээ, чанар яаж өөрчлөгдсөнийг судалжээ.
Ингэхэд нэгж талбайгаас хураах ургацын хэмжээ нь 20 орчим хувиар буурсан байжээ.
Үүнээс гадна шар айргийн амтад нөлөөлдөг альфа гашуун хүчлийн хэмжээ агаарын хэт халалтын улмаас тогтмол багасаж байгааг тогтоосон байна.
Хэрвээ нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 2050 онд дээрх хүчлийн агууламж 31 хүртэл хувиар буурах тооцоог гаргажээ.
Ингэснээр шар айргийн өвөрмөц амт цаашдаа улам суларна гэсэн үг юм.
Сүүлийн жилүүдэд зөрөг цэцгийн тариалан эрхлэгчид уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох гэж нэлээд хүчин зүтгэл гаргаж байгаа.
Тухайлбал тэд тариалангийн газраа илүү өндөрлөг байрлалуудад шилжүүлэх, усалгааны системийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа юм байна. Ургацын хэмжээг цаашдаа тогтмол хэмжээнд хадгалахын тулд тариалангийн талбайгаа одоогийнхоос 20 хувиар тэлэх шаардлагатайг дээрх судалгааны тайланд өгүүлжээ.
“Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицож чадахгүй бол зарим тариаланчдын ашиг орлогод сөргөөр нөлөөлөх төлөв харагдаж байна. Үр дагаварт нь үйлдвэрлэлийн хэмжээ буурч, шар айргийн үнэ өртөг нэмэгдэх юм” гэж Чехийн Шинжлэх Ухааны Академийн судлаач Мартин Мозни ярьж байна.
Европын зах зээлд шар айргийн үнэ 2020 оноос хойш дунджаар 13 хувь өсөөд байгаа. Үүнд Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний үнэ ханшийн өсөлт голлон нөлөөлж байгаа. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үнийн өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг дээрх судалгаа харуулсан байна.