2020-2021 оны галлагааны улиралд нийт 786 хүн угаартсан тохиолдол гарсан бол 2021 оны 9 сарын байдлаар 44 хүн угаарын хийнд хордсон. Угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу исэл нь нүүрс, мод зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг органик нэгдлүүдийн дутуу шаталт, автомашины болон тамхины утаанаас үүсдэг үхлийн аюултай хий юм. Энэ хий нь нүдэнд харагддаггүй, онцгой үнэргүй ба цусанд орвол эд эсүүдийг хүчилтөрөгчийн дутагдалд ороход хүргэдэг. Иймээс бид ямар эд зүйлсээс угаарын хий ялгарч байдаг тухай, угаарын хийн хордлогын үед илрэх шинж тэмдгүүд, угаартсан үед авах арга хэмжээ, мөн хордсон үед хэрхэн эмчилдэг талаар мэдэж авах нь угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхэд туслах юм.
Өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийнээс хамгаална хэмээн амлалт өгөн баталгаажуулах товчийг дарж, бусдыг ч мөн адил амлалт өгөхөд уриалаарай.
Угаарын хийн хордлого үүсэх шалтгаан болон үр дагавар
Угаарын хийгээр амьсгалсан тохиолдолд угаарын хий цусанд орсноор хүчилтөрөгчийн агууламжийг эрс багасгаж, оронд нь угаарын хий бүхий цус биеэр эргэлдэж эхэлдэг. Ингээд бидний бие хүчилтөрөгчийн дутагдалд орж, угаарын хийн хордлого болдог.
Угаарын хийн хордлого нь хүний биед маш хортой буюу тархины гэмтэл, зүрх судасны өвчин мөн бүр цаашлаад үхэлд ч хүргэх магадлалтай. Үүнээс гадна угаарын хийгээр удаан хугацаанд амьсгалбал бодох, төвлөрөхөд хүндрэлтэй болж сэтгэл санааны тогтворгүй байдалд ордог. Түүнчлэн угаарын хийд бага насны хүүхдүүд, өндөр настай хүмүүс, уушги, зүрхний өвчтэй болон тамхи татдаг хүмүүс илүү өртөмтгий байдаг ба нүүрстөрөгчийн дутуу исэл нь эхийн хэвлий дэх урагт хор хөнөөл учруулж болзошгүй.
Бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг нүүрс болон сайжируулсан түлшийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн их ялгарч байдаг. Энэ үед яндангийн таталт сайн байвал гадаад орчинд цацагдан сарнидаг бөгөөд хэрэв таталт муу байвал зуухны амаар гэр дотроо ялгардаг. Тийм учир муу татaлттай яндантай бол хамгийн их угаарын хийг бий болгож, түүнд өртөх магадлалтай
Угаарын хийн хордлогын үед илрэх шинж тэмдгүүд
- Aмьсгал давчдах, амьсгалж чадахгүй байх
- Цээж хэсгээр өвдөх (ангинатай хүмүүст гэнэт тохиолдож болно)
- Таталт өгөх
- Толгой эргэх
- Нойрмоглох
- Ухаан алдах
- Ядарч сульдах
- Толгой өвдөх
- Цочромтгой байх
- Даралт багасах
- Булчин сулрах, татах
- Зүрх хурдан эсвэл хэвийн бус цохилох
- Хараа бүдгэрэх
- Дотор муухайрах, бөөлжих
- Угаарын хийтэй газар удаан хугацаанд байх, ажиллаж амьдрахад архаг хордлого үүснэ.
Эдгээр шинж тэмдгүүдийн ихэнх нь вируст өвчнийхтэй адил байдаг тул угаарын хийн хордлого өөр өвчинтэй андуурагддаг. Иймээс хянамгай байж яаралтай тусламж авахдаа удаж огтхон ч болохгүй.
Угаарын хийн хордлогыг оношлох мөн угаарын хийн хордлогод үзүүлэх эмнэлгийн тусламж
Монгол Улсад угаарын хийг асуумж, эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн болон багажин шинжилгээг үндэслэн оношилдог. Лабораторийн шинжилгээнд цусны дээж авч нүүрс хүчлийн дутуу исэл агуулсан цусны улаан эсийн хувийг тогтоодог бол багажийн шижилгээнд цээжний рентген харж уушиг хавагнасан эсэхийг шинжилж болно. Мөн нүдний угийг дурандаж бичил судасны гэмтэл байгаа эсэхийг шалгаж тухайн хохирогчийн биеийн ерөнхий байдал, хордлогын түвшинг үнэлэх нь цаашдын эмчилгээний чиг хандлагийг тодорхойлоход тустай.
Угаарын хийн хордлоготой хүнд амьсгалын замыг чөлөөлж хамрын гуурсаар эсвэл нүүрний маскаар 100% хүчилтөрөгч өгч эмчилгээг эхлүүлнэ. Өвчтөн тогтворгүй байвал цусны эргэлтийг тогтворжуулах, уушигны хаванг бууруулах, хавсарсан уушигны хатгалгаа байгаа үед антибиотик эмчилгээ эхлүүлэх зэрэг арга хэмжээ авна.
Гэр болон байшинд угаарын хийнээс хэрхэн сэргийлэх вэ
- Яндангаа тогтмол шалгаж, цэвэрлэж байгаарай. Зуухны үнсийг түлш нэмэх бүртээ асгах хэрэгтэй. Ингэхдээ битүү хогийн саванд хаяж орчноо бохирдуулахгүй байхад анхаараарай.
- Агаарын солилцоо сайн хийгээрэй.
- Гэртээ угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулаарай. Өвлийн улиралд зуух, хийн задгай зуух, зөөврийн халаагуур ашиглах, цонх хаасан үед угаарын хийн хордлого их гардаг. Төхөөрөмжөө асуудалгүй ажиллaж байгаа эсэхийг тогтмол шалгаж, таван жил тутамд сольж байгаарай.
- Хяналтын нэгдсэн төвтэй холбогдож зөвөлгөө аваарай. https://www.facebook.com/mongoltulsh/ Холбогдох дугаар: 70119400
“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Таван толгой түлш” ХХК нь Хяналтын нэгдсэн төвиийг 2020 оны наймдугаар сараас ашиглалтад оруулж, засвар үйлчилгээ, call center, мэдээлэл судалгаа гэсэн үндсэн чиг үүргийн хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт салбартай үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэхүү хяналтын нэгдсэн төв нь угаарын хийн эрсдлээс сэргийлэх зорилгоор сайжруулсан шахмал түлш хэрэглэгч айл өрхүүдийн пийшин, яндан, зуухны битүүмжийг шалгах, засвар үйлчилгээ хийх, зөв галлагааны горим, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх санамж болон заавар зөвлөмжийг тараах, зөвлөгөө өгөх, судалгаа мэдээлэл авах, угаарын хийн мэдрэгчийг ашиглалтад хяналт тавих, айл өрхөд тараах, сайн картын хэрэглээг хэвшүүлэхэд хяналт тавих, хэрэглэгчдээс ирж буй санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.” Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо
- Агааржуулалтын хоолойг соронзон хальс, бохь эсвэл өөр зүйлээр хэзээ ч бүү нөх. Энэ төрлийн нөхөөс нь таны гэрт угаарын хий хуримтлагдахад хүргэдэг
- Хэрэв хөргөгчнөөс таагүй үнэр гарч байвал мэргэжилтэнтэй холбоо бариарай. Таны хийн хөргөгчнөөс үнэр гарах нь нүүрстөрөгчийн дутуу исэл алдагдаж байж магадгүй гэсэн үг.
-
Машинд угаартахаас сэргийлэх
Хүн угаарын хийгээр амьсгалбал удаан сэтгэж, будилж эхэлдэг тул тээврийн хэрэгсэл жолоодох чадвараа алддаг. Мөн жолоочид үүнийгээ анзаардаггүй нь илүү аюултай байдлыг бий болгодог. Түүгээр ч зогсохгүй хөдөлгүүрийн утаанаас үүсэх угаарын хийнээс шалтгаалж амь насаа алдсан хүмүүс олон бий. Эдгээр тохиолдлууд нь битүү гаражинд эсвэл машиндаа гацсан, жолоодлогын систем нь гэмтэлтэй машин жолоодсoноос үүдсэн байдаг.
Хүн угаарын хийгээр амьсгалбал удаан, үндэслэлгүйгээр сэтгэж, будилж эхэлдэг тул тээврийн хэрэгсэл жолоодох чадвараа алддаг.
Угаарын хийнээс хэрхэн сэргийлэх вэ?
- Машины биеийн бүх нүхийг битүүмжилсэн байх ёстой
- Машиныхаа яндангийн системийг жил бүр шалгаж байгаарай. Яндангийн системийн багахан алдагдал нь машин дотор угаарын хий хуримтлагдахад хүргэдэг.
- Битүү орчинд машинаа халааж болохгүй. Машинаа ажиллуулахдаа цэвэр агаар оруулахын тулд гаражийн хаалгыг үргэлж онгойлгож байгаарай.
- Машинаа халааж байхдаа унтаж болохгүй.
- Машиныхаа хойд талын тэвш хэсгийг онгойлгосон бол агаарын солилцоо сайн явагдуулахын тулд цонхоо мөн нээж, эсвэл агааржуулалтаа асаах хэрэгтэй. Хэрэв зөвхөн арын хэсэг нээлттэй байвал ялгарч буй угаарын хий машины кабин руу сорогдож ордог.