Шведийн нийслэл Стокхольм хот бензин, дизель хөдөлгүүртэй автомашинуудыг төвөөрөө зорчихыг хориглосон дэлхийн анхны том хот болох гэж байна.
Тухайлбал 2025 оноос эхлэн тус хотын төвийн 20 гудамж, өргөн чөлөөгөөр зөвхөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин зорчихоор болжээ.
Энэ бүсийг цааш өргөжүүлэх эсэхийг 2025 оны эхээр шийдвэрлэх юм байна.
“Өнөөдөр Стокхольм хотын агаарын чанараас шалтгаалан нялх хүүхдүүдийн уушги өвчилж, ахмадууд цагаасаа эрт нас барж байна. Бензин, дизель түлшээр ажилладаг автомашинуудын үүсгэдэг хорт утааг бууруулах шаардлагатай. Тиймээс бид утаа багатай бүс байгуулах хамгийн том төлөвлөгөөгөө зарлаж байна” гэж Стокхольм хотын тээврийн асуудал хариуцсан орлогч дарга Ларс Стромгрен мэдэгджээ.
Парис, Афин, Мадрид, Лондон зэрэг хотууд ижил төстэй арга хэмжээ авч байсан ч Шведийн нийслэлийнх шиг ийм өргөн цар хүрээтэй байгаагүй юм.
“Олон хотууд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашиныг тусгай бүсээр зорчуулахдаа нэмэлт төлбөр хураамж авах зэргээр хязгаарладаг. Харин манай загвар үүнээс хол илүү нөлөөтэй арга хэмжээ юм” гэж Стромгрен ярьсан байна.
Гэхдээ Стокхольм хотын төвөөр түргэн тусламжийн, цагдаагийн зэрэг тусгай үйлчилгээний хосолсон хөдөлгүүртэй (plug-in hybrid) автомашинуудыг зорчуулах ажээ.
Шведийн эвслийн засгийн газрыг бүрдүүлэгч улс төрийн хүчнүүдийн нэг Ногоон нам Стокхольм хотын удирдаж байгаа юм.
Ногоон намын эрх баригчдын энэ шийдвэрийг хэтэрсэн алхам гэж зарим хүмүүс үзэж байна.
Тухайлбал Шведийн Тээврийн Аж Ахуй Эрхлэгчдийн Холбооны төлөөлөгч энэ талаар “2010 оноос хойш бид хүлэмжийн хий ялгаруулалтаа 34 хувиар бууруулаад байгаа. Гэтэл Стокхольм хотыг удирдаж байгаа Ногоон намынхан энэ үйл явцыг улам хурдлуулахаар хэтэрхий их яарч байна” гэж шүүмжилжээ.