МАН сүүлийн 8 жил засаг, төр барьсан боловч Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж чадсангүй. Хийсэнгүй. Ногоон автобусны гэх хэргээр Ж.Сүхбаатар “улс төрийн хариуцлага хүлээж огцорлоо” гэсэн боловч одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болоод “дэвшчихсэн” сууж байна. УИХ гишүүн, Хууль зүйн сайд хүн нь яамаа хаяад Хотын дарга болохоор нүүв. Ногоон автобусны хэргийн үр дүнд МАН дотроо сандал суудлын томилгоо хийв. Харин нэг бүрийг нь 400 саяар авсан Евро 5 гэсэн бичиг наасан Евро 2 автобуснууд “хог дээр хаягдаж”- 1 сая төгрөгний цалин авсныхаа 260 мянгыг төрдөө сар бүр төлдөг татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэх нь хийсч, даргын халаасанд үлдэх нь үлдэж бөөнөөрөө гахай явган, нохой нүцгэн үлдэцгээв. Энэ үйл явдлын хохирогч нь ард түмэн л боллоо.