Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төслийн онцлох хөрөнгө оруулалтуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2024 оны төсвийн гол онцлог нь зураг төсөлгүй хөрөнгө оруулалтын төслүүд ордог байсныг зогсоосон. Тэгэхээр зураг төсөлгүй хөрөнгө оруулалтын нэг ч ажил байхгүй гэсэн үг.
Ирэх онд эрүүл мэндийн салбарт олон жил яригдсан 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн ажлыг эхлүүлнэ.
Хүүхэд хамгааллын санг энэ жилийн найман тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байгаа. Үүнийг ирэх жил 14 тэрбум төгрөгт хүргэнэ. Бусад хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын төвүүдийн урсгал зардлууд нэмэгдсэн.
УИХ 126 гишүүнтэй болж буйтай холбогдуулан Төрийн ордонд ажиллах боломжийг хангах ёстой. Төрийн ордны засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтааж хийнэ. Цахим тоног төхөөрөмжүүд хуучирсан учир шинэчлэх шаардлагатай.
Багш мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдэд Засгийн газраас тэтгэлэг олгоно. Ойрын хугацаанд хөдөө орон нутагт багш боловсон хүчний дутагдалд орох судалгаа байгаа. Тиймээс багш мэргэжлээр суралцах хүүхдүүдийн ЭЕШ-ын босго оноог өндөр тавьж өгсөн.
2020, 2021 онуудад 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг туулж ирсэн. Эдийн засаг өсөж байгаа учраас улсын төсөв маань тэлнэ. Энэ жилийн зарлагын өсөлтийг 22.5 хувьтай байлгана. Энэ жил ДНБ 60 их наяд төгрөгт хүрнэ” хэмээн ярив.