Либeртари нам анхдугаар их хурлаа зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл өгч байна.
Д.Амартүвшин “Яагаад либертари намыг байгуулах болсон бэ гэвэл манай улс төрийн намууд дүрэм дээрээ барууны зүүний гэх боловч яг амьдрал дээрээ бүгд зүүний нам байна. Баланс алдагдаж байна. Баланс алдагдахаар улс орны эдийн засаг сүйрэл рүүгээ явдаг, авлига цавчаандаа иддэг юм байна.
Томорсон төсөв, хавтгайрсан халамжийг багасгана гэх зорилт тавиад эсрэгээрээ бизнес хийгээд бор зүрхээрээ амьдралаа болгоод явж байгаа хүмүүст илүү их боломж олгож төрийн дарамтыг багасгах зорилгоор энэ намыг байгуулсан юм. Монголд үзэл санааны баланс хэрэгтэй байна. Манай нам цэвэр барууны үзэл санааг бодлогоо болгож явж байгаа.
Бид сүүлийн 30 жил дандаа л халамж, надад үнэгүй юм өг гэдэг хүмүүсийн дуу хоолойг сонсож ирлээ шүү дээ. Энэ хугацаанд бизнесээ хийгээд өөрөө өөрийнхөө амьдралыг болгоод явж байсан хүмүүсийн дуу хоолой хаана байсан юм бэ? Тэр хүмүүсээс илүү их татвар авъя л гэж ярьдаг байсан болохоос эрх ашгийг нь хамгаалъя гэж ярьдаг байсан уу?
Хуулиараа 45 хоногийн өмнө намынхаа их хурлаа зарлаж даргаа сонгож дүрмээ баталж 801 хүний гарын үсэг цуглуулж намаа албан ёсоор бүртгүүлдэг. Иймд манай намд бүртгүүлсэн хүмүүсийг их хуралдаа идэвхтэй оролцоорой гэж хүсмээр байна” гэв.
Бид нэг үзэл санааны монополчлолд оршиж байна
Н.Хасар “Монголд үзэл санааны сөрөг хүчин байхгүй. Монголын улс төрийн намууд цаасан дээр баруун төвийн гэж бичсэн боловч хэрэгжүүлж байгаа бодлогоос нь харахад бүгд зүүний намууд болоод хувирчихсан байна. Бид нэг үзэл санааны монополчлолд оршиж байна.
Бид засгийн эрх авах гэж нам байгуулж байна гэхээсээ илүү Монголд байгаа үзэл санааны балансыг тэнцвэржүүлэх баруун жигүүрийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх нь гол үзэл санаа байгаа юм.
Монголд үзэл санаагаараа биш эрх ашгаараа нэгдсэн хүмүүс өөр хоорондоо ялгарахгүй улс төрийн бодлого явуулж байна.
Чөлөөт зах зээлийн системийг бий болгохын төлөө явна” гэлээ.
Нам байгуулагдсанаас хойш 1,000 орчим хүн элсээд байгаа бөгөөд тэдний 70 хувь нь 1990-2000-аад оныхон байна гэдгийг намын төлөөллүүд онцолж байв.