Дорноговь аймгийн Засаг дарга, АОК-ын дарга О.Батжаргал хичээлдээ явахаар гараад алга болсон охиныг Мандах-Манлай сумын чиглэлд агаараас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Охиныг олоогүй гээд нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “АОК-ын шуурхай штаб алга болсон охины гэрийнхэнтэй байнгын холбоотой ажиллаж байна. Тодорхой нэр, хаяггүй, утасны дугаар, фэйсбүүк хаягаас алга болсон охины гэрийнхэн болон цагдаагийн газарт батлагдаагүй мэдээллүүдийг өгөх зэргээр эрлийн ажлыг тарамдуулах, зүг чигийг өөрчлүүлэх тохиолдол хэд хэдэн удаа гарлаа. Энэ нь батлагдаагүй мэдээллийн зэрэгцээ, эрлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан тохиолдол болохыг Цагдаагийн байгууллагаас бидэнд мэдэгдсэн. Эдгээрийг цагдаагийн алба хаагчид болон хамтарсан багийнхан шалгаж, нягтлах үйл ажиллагаа зохион байгуулж байна” хэмээн хэллээ.
Нисдэг тэргээр эрэн хайх ажиллагааны тухайд “Улаанбаатараас өнөөдөр 07:04 цагт хөөрсөн нисдэг тэрэг Мандах суманд 09:30 цагт бууж шатахуунаа цэнэглэсэн. Шатахууныг Мандах суманд нөөцөлсөн. Нисдэг тэргээр гэмт этгээдийн зорчсон маршрутын дагуу агаараас эрэн хайх ажиллагааг гүйцэтгэж байна.
Дорноговь аймгийн Мандах сум нь Өмнөговь аймгийн Манлай сумтай хиллэдэг. Авто замууд дээр хяналт гарсан. Агаараас ЦЕГ, Эрүүгийн цагдаа болон Мөрдөх алба, ОБЕГ-ын алба хаагчдын бүрэлдэхүүнтэй эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Сум дотроо барилга байгууламжуудад ч эрлийн ажиллагааг хийсэн нөхцөл байдалтай байна” гэв.
Камерын хяналтын системийн талаар “2019 онд Дорноговь аймгийн бүх зам дээр камерын хяналтын нэгдсэн төвийг аймаг, орон нутгийн төсвийн 400 сая орчим төгрөгөөр цагдаагийн газар хийж өгсөн. Уг төвийн үйл ажиллагааг цагдаагийн газар хариуцаж явдаг. Цагдаагийн газар камерын хяналтын системийг ашиглаж гэмт этгээдийн зам маршрутыг хэрхэн тогтоосон талаараа өчигдөр мэдээлэл өгсөн байсан.
Тухайн этгээд өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харагдахгүй болгохын тулд шавран юмуу будган түрхлэг хэрэглэснийг цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлсэн. Уг этгээдийн явсан маршрутыг харахад төв замын камер дагуу бус гэр хорооллын хашаа, ААН, байгууллагын дундуур гарсан байгаа юм.
Сайншанд сумын хэмжээнд байгаа камеруудын хамгийн захын буюу 3 км-ийн зайд Цаг уурын станцад байрлуулсан камерын бичлэгээс машин нь баруун зүгт гарсан болохыг тогтоосон байсан.
Сэжигтний унаж явсан тээврийн хэрэгсэл Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт саатуулагдах үед улсын дугаар нь УБ болж, будаг арилгагч бодисоор машиныг угааж, өнгийг өөрчилсөн мэдээлэл бий.
Дорноговь аймгийн Сайншанд сум 25,000 хүнтэй. Хоногт 1,500 хүн дамжин өнгөрдөг. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөний зангилаанд оршдог, уул уурхайн тээврийн үйл ажиллагаа байнга явагдаж байдаг нутаг.
Бүх хашаа, гудамжийг бүрэн камержуулсан гэж хэлэхгүй. Гол замууд, орох, гарах гарцуудын хяналтын камерууд бүрэн ажиллаж байна. Тухайлбал Улаанбаатараас сум руу орж ирдэг төв зам дагуух, Замын-Үүд рүү гардаг, урд тал, баруун тал буюу алслагдсан сум руу гардаг цэгийн камерууд ажиллаж байна.
Камерын үзүүлэлт буюу дүрсийн нягтралыг илүү сайжруулах, дутагдалтай зүйл байгааг үгүйсгэхгүй. Камерын хүчин чадал, эдэлгээний хугацаа, өндөрт байрлуулсан камерын дурангийн хэсэг салхи шуурганд сэвтсэн, бүрсийсэн зүйл байна. Үүнийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа.
АОК, ИТХ шуурхай хуралдаж, энэ ондоо багтаан 1.5 тэрбум төгрөгөөр хоёр сарын хугацаанд камерын хяналтын системийг бүрэн хийж, Сайншанд сумыг тойрсон камеруудыг дахин өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа.
Тухайн тээврийн хэрэгсэл Сайншандын нутаг дэвсгэрт явж байхдаа ДоА серитэй хуурамч улсын дугаар зүүсэн нь тогтоогдсон. Тиймээс тээврийн хэрэгслийн улсын дугаараа гээгдүүлсэн жолооч цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй орхиж, дахин шинийг авчихдаг нь хаягдсан дугаар гэмт этгээдүүдэд олз болж, эрсдэл үүсгэж буйг жолооч нарт сануулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Такси тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа машинууд бүртгэлтэй байдаг. Энэ бүртгэлийг дахин нягтлаад зөвхөн такси, хүн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн тусгайлсан таних тэмдгүүдийн дахин шинэчилж, жолооч нарт энгэрийн тэмдэг, үнэмлэхтэй, үнэ тариф нь тодорхой, бүртгэлийн серийн тусгай дугаарыг үйлчүүлэгч иргэнд харагдахуйц болгох ажлыг эхлүүллээ.
Дунд сургуулийн орчимд өглөө, орой эргүүл ажиллуулах зохион байгуулалтыг эрчимжүүлж байна.
Сайншанд суманд өглөөнөөс орой буюу хүүхдийн хичээл тарах хүртэл сургуулийн хоёр чиглэлд нийтийн тээврийн автобус явуулдаг. Иргэдээс гарч буй саналын дагуу ирэх оны төсөвт тусгаж, сургуулийн автобустай болох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
ААН, байгууллагуудад объект, орчноос гадна төв зам руу харсан чиглэлд камераа нэмж, суурилуулах шаардлагыг тавьж байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,040 хүүхдийн багтаамжтай шинэ сургуулийг барьж, Боловсролын газраас хүүхдүүдээ хуваарилсан. Гэхдээ эцэг эх, асран хамгаалагч болон суралцагчийн зүгээс хуучин сургуульдаа сурах нь нээлттэй, өөрийн хүсэлтээр шинэ сургууль руу шилжих эсэхийг шийдвэрлэх байдлаар зохион байгуулсан юм.
Сайншанд сумын 1 болон 6 дугаар сургууль нь төв зам дагуу байршдаг. Сургуулийг шилжүүлснээс ийм байдал үүслээ гэх нь өрөөсгөл юм.
Хүүхдийг орон сууцны хорооллын үүднээс явдаг автобусны буудлаас авч явсан мэдээлэл байгаа. Сургуулийн орчны худалдаа үйлчилгээний төв, бусад байгууллагуудын төв зам руу харсан камерын систем бий. Сургуулийн дотоод камерыг шалгах боломжтой” хэмээн ярилаа.
Дорноговь аймгийн хэмжээнд 15,134 хүүхэд ЕБС-д сурч байгаа аж.