Хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон болон цаг бусаар амиа алдсан зэрэг сэтгэл эмзэглэм олон мэдээлэл ойрын өдрүүдэд гарсаар байна.
Иймд УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар хүүхэд хамгааллын тухай асуудлаар мэдээлэл сонсохоор болов.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Дорноговь аймагт 12 настай охин алга болоод хоёр хонолоо. Эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байна.
Сүүлийн 10-аад хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа урд машинд дайруулсан, долоон настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн, бага насны гурван хүүхэд ээжийнхээ хамт угаартсан, энэ сарын 2-нд орон сууцны хотхоноос тав болон долоон настай хүүхэд унаж амиа алдсан зэрэг аймшигтай үйлдэл, гэмт хэргүүд гарлаа
Улсын хэмжээнд 48 цагаас эхлээд 20-30 жил эрэн сурвалжлагдаж байгаа, одоо хэр нь олдоогүй 20 орчим хүүхэд байна. Монгол даяараа эмгэнэл, айдас түгшүүр төрүүлж буй гэмт үйлдлүүдийг томчууд, ялангуяа төр засгийн байгууллагууд анхаарч, зүгээр сууж болохгүй. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос болж болохгүй.
Монгол хүүхдийг хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагууд тодорхой заагдсан. Гэвч энэ үүргээ маш муу хэрэгжүүлж байна. Эрсдэлт нөхцөл байдлын үнэлгээ хийгдэхгүй байна. Хүүхдийн амьд явах, хөгжих, хамгаалуулах, сурч боловсрох зэрэг үндсэн эрх хэрэгжиж чадаж байна уу. Зөрчигдөж байгаа талаар маш олон мэдээлэл гарч байна. Үүнд УИХ-ын гишүүд онцгой анхаарах хэрэгтэй байна.
Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд 18 нас хүртэл нь бид хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийг УИХ-аас эхлээд Засгийн газар, Яам, Тамгын газрууд, Орон нутгийн захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, гэр бүл бүрийн эрхэм үүрэг гэж үзэх ёстой.
Хүүхэд бол улс орны ирээдүй, маргааш нь. Нийгмийн ёс зүй хүүхдэдээ ээлгүй, хүүхдэд эрсдэлтэй орчин болжээ. Зөвхөн өөрийн хүүхэд бус бусдын хүүхдийг ч өөрийн мэт энэрэн хайрлах монгол ёс уламжлал алдагдсан байна. Тиймээс хүүхдийн эрхийн талаар нийгмийн ёс зүйг эрүүлжүүлэх нь чухал. Үүний тулд Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай.
Энэ чиглэлд холбогдох байнгын хороод, УИХ дахь Хүчирхийлэлтэй тэмцэх бүлгэмүүд ойрын үед шийдвэртэй арга хэмжээ авахыг үүрэг болгож байна.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах, ямар нэг өршөөл уучлалд хамруулдаггүй байх хэрэгтэй. Ийм эрх зүйн шинэчлэлийг хийж болно гэж бодож байна. Нийгмийг айдаст автуулж байгаа гаж донтон, хүүхдийн эрхийг зөрчигчидтэй хатуу хариуцлага тооцдог байх ёстой” гэлээ.