Ардчилсан нам (АН)-аас сүүлийн өдрүүдэд сэтгэл эмзэглүүлж байгаа хүүхэдтэй холбоотой үйл явдалд байр сууриа илэрхийллээ.
Хүүхдэд хөрөнгө оруулахгүй бол хамгаалж чадахгүй. Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын ажилчид цалингаа аваад явж байгаа. Ажлаа хий. Төрийн бус байгууллагууд хангалттай ажиллаж байгаа ч төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байна гэдгийг АН-ын төлөөллүүд онцолж байв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “2020 оноос хойш ажилласан Засгийн газар гэр бүл хүүхэд, ахмад настан хамгаалах чиглэлээр нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй.
2012-2016 онд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнэ ажиллаж байхад бараг сар бүр гэр бүл, хүүхэд ахмад настан хамгааллын чиглэлээр хуулиуд орж ирдэг байсан. 2012-2016 онуудад Монгол Улс хүүхэд хамгааллын чиглэлээр 30 байраар урагшилсан.
Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр Засгийн газар гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагаанд саад учруулж байна. Өөрсдийнхөө асуудлыг долоо хоногийн дотор баталдаг мөртлөө хүүхдийн асуудлыг гурван жилээр хойш тавьсан байна.
Мөн АН-аас бага насны хүүхдийг зодож гэмтээсэн хүмүүсийн ялыг хүндрүүлэх хуулийн төсөл санаачлаад Засгийн газарт хүргүүлсэн” гэв.
АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Цэцэгсайхан “Сүүлийн найман хоногийн дотор долоон хүүхэд амь насаа алдлаа. 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг хүүхэд гэр бүлийн хөгжлийн ерөнхий газар болгох тогтоол гарсан. Бүтэц бүрэлдэхүүн, бүх зүйлийг шинэчлэх шийдвэр гарсан ч одоог хүртэл энэ агентлаг удирдлагаа тавиагүй байна.
Ирэх жилийн төсөв дээр хүүхэд хамгааллын төслийг 16.4 тэрбум төгрөгөөр батлах гэж байгаа. МАН хүүхдийн асуудлыг хэрэгжүүлж чаддаг боловсон хүчингүй нам юм уу, хүсэл сонирхолгүй байна уу эсвэл хүүхэд сонгогч биш учраас тоохгүй байна уу?” хэмээлээ.