Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь” сонины анхны дугаар 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр хэвлэгдсэн түүхтэй. Тиймээс энэ өдрийг Монголын сэтгүүл зүйн салбарынхан “Тогтмол хэвлэлийн өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн. Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг хэмээн нэрийдсэн энэ хэвлэл анх 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн Төрийн байгууллагуудад тараагдаж, цөөн хэдийг нь худалдаалдаг байж.
Дараа нь хуудасны тоог цөөрүүлэн сонины хэлбэрт оруулан хэвлэх болж нийтдээ 20 дугаар гарсан байдаг.Тус сонинг Судар бичгийн хүрээлэнг байгуулж, түүх, угсаатны зүйн тухай эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монгол хэлнээ хөрвүүлэн, Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Буриад Монголын номын их хүн Жамсрангийн Цэвээн эрхлэн гаргаж байжээ.
Тэрээр 1909 оноос Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” сонины идэвхтэн сурвалжлагчаар ажиллаж байсан нь Монголын анхны тогтмол хэвлэлийг гаргаж, олны хүртээл болгон Монголчуудад ертөнцийг харах нэгэн цонхыг бий болгож, Монголын сэтгүүлзүйн түүхийг эхлүүлэхэд ихээхэн туршлага болжээ.“Шинэ толь” сэтгүүлийн эхний дугаарууд “Эрдэм сурахад эрхэмлэх дэвтэр” нэрээр шинжлэх ухааны сэтгүүл хэлбэрээр гарч байсан бол дөрөв дэх дугаараасаа нийгэм, улс төрийн амьдралыг тусгаж эхэлсэн байдаг.
Ж.Цэвээн бас 1915 оны есдүгээр сараас “Нийслэл хүрээний сонин бичиг” сониныг эрхэлж, Ардын хувьсгалын дараагаар “Ардын эрх”, “Монголын үнэн”, “Үнэн” сонинуудад хувьсгалын зорилт, улс орны аж ахуй, соёл боловсролыг хөгжүүлэх, байгаль хамгаалах сэдвээр олон олон өгүүлэл, нийтлэл бичигдэж эхэлжээ.