Хойд Солонгосын эрх баригчид өнөөдөр (2017.03.06) өглөөний 07.36 цагт дөрвөн баллистик пуужин харвалаа. Пуужингууд 1000 орчим км зайг туулаад Зүүн тэнгист унасан байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абе пуужингийн гурав нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж мэдэгдсэн талаар CNN дамжуулжээ.
Харин Пхеньян АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа эхлүүлснийг өдөөн хатгалга, цаашид дайралт хийх бэлтгэлээ базааж байгаа хэрэг гэж үзсэн тул хариу болгон дөрвөн баллистик пуужин харвасан гэж шинжээчид үзэж байгаа юм байна.
Өнөөдөр өглөө БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Кё-ан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулахаар болжээ. Тус улсын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо Пхеньян ямар төрлийн пуужин харвасныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Өмнөд Солонгосын БХЯ-ны албаны хүн хэлэхдээ “АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадалтай тив алгасах баллистик пуужин харвасан байж магадгүй” гэсэн байна.
Умард Солонгос өнгөрсөн оны хоёрдугаар сард “Дончан-ри”-гээс алсын зайн тусгалтай баллистик пуужин харваж байсан юм. Пхеньян хэзээ ч өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй учир Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдэгджээ.