Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз сар бүр цахилгааны мөнгөн дээр нэмж иргэдээс 1100 төгрөг авдаг. Айл өрхүүдээс татдаг хураамж нь жилдээ 5 тэрбум төгрөгийн орлогыг МҮОНРТ-д төвлөрүүлдэг бол нэмэлтээр улсын төсөв, зар сурталчилгааны орлого зэргээс тус байгууллага санхүүждэг.
Гэвч хэн төрийн эрхэнд гарч, илүү эрх мэдэлтэй байна гэдгээс хамаарч удирдлагад нь хүнээ “шахдаг”, “тавьдаг” буюу тухайн үеийн эрх баригч нарын “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” болдог гэж ч олон нийт шүүмжилдэг.
Өнгөрсөн 7 хоногт иргэд, олон нийт цахим орчинд “Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд авчирсан автобус хуучин, хуурамч байна” гэдэг мэдээллийг түгээж, анхаарал татаж эхлэхэд хотын удирдлагууд талбай дээр автобуснуудаараа үзэсгэлэн гаргасан юм. Энэ үеэр МҮОНРТ болон нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улаан, цайм хуучин автобусуудыг “ШИНЭ АВТОБУС” гэж мэдээлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа. Тийм ч учраас цахим орчинд “Худал мэдээлэл түгээдэг, эрх баригчдын төлөө үйлчилдэг МҮОНРТ-д иргэд хураамж төлөх ёстой юу” гэсэн хэлэлцүүлэг өрнөж байна. Иргэдээс хураамж авдаг ч үе үеийн эрх баригч нарт үйлчилсээр ирсэн МҮОНРТ-ийн бодит нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөх, ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа юм. Мөн энэ жилийн дөрөвдүгээр сард Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд авах “Ногоон автобус”-тай газар дээрээс нь очиж танилцахаар Вьетнам улс руу төсвийн мөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр томилолтоор “аялсан” 30 сэтгүүлчийн нэрсийг шаардаж байна..
Д.Ийнгаа