Шүүхээс “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьж, шалгах шийдвэр гаргажээ.
Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг автобусны асуудлыг шалгаж буй.
Шалгалтын хүрээнд “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг болон “Э”, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Т” болон “Б” нарын дөрвөн хүнийг энэ сарын 2-нд түр саатуулсан билээ. Эдгээр дөрвөн хүний гурвыг нь үргэлжлүүлэн хорих, нэг хүнд хязгаарлалт тогтоох саналыг нийслэлийн прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.
Яг одоо ногоон автобусны асуудлаар шалгагдаж байгаа дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
БНСУ-ын “Zyle Daewoo Bus” компаниас 600 ширхэг дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн автобусыг худалдан авахдаа хуучин автобус авсан гэх асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, анхаарлын төвд ороод байгаа.
Уг автобуснуудыг худалдан авах тендерт “Тэнүүн-Огоо” ХХК шалгарч, авчирч байгаа юм.
Улсын төсвийн хөрөнгөөр буюу 600 ширхэг ногоон автобусыг нэг бүрийг нь 336 сая төгрөгөөр “ZYLE Daewoo” компаниас худалдаж авсан хэмээн ХҮН намаас мэдээлж байв.