Соёлын сайд Ч.Номингийн аав “Гацуурт” компанийн Л.Чинбат 2023 оны зургаадугаар сард “Land cruiser” маркын автомашинаар малтай иргэдийг хөөж, дайрахаар давхиж буй бичлэг нийгмийн сүлжээнд тарж, олон нийтийн дургүйцлийг хүргээд байсан. Энэ нь бусдын амь насанд заналхийлсэн, танхайрсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж, Л.Чинбатыг яллагдагчаар татах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Прокурорын байгууллагаас “Л.Чинбат олдохгүй байна. Эрэн сурвалжилж байна” гэдэг мэдээлэл цацагдсанаар хэрэг “царцсан” гэж хэлж болно. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Есдүгээр сарын 17-нд Сэлэнгэ аймагт айлчилж, тариуланчидтай уулзсан бөгөөд энэ үеэр Л.Чинбаттай нүүр нүүрээ харан ярилцаж зогсохдоо “9 тэрбумаар хашаа барьж өгнөө” гээд хэлж, баримт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
9 тэрбумын хашааг иргэд, олон нийт цахим орчинд эсэргүүцсэнээр “зогссон” бол Авлига, гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж улс даяар зарлан тунхагласан Ерөнхий сайд гэмт хэрэгтний өөдөөс харж зогсоод “дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн” нь олон нийтийн урмыг хугалсан гэхэд хилсдэхгүй. Л.Оюун-Эрдэнэ авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдгээ уриа лоозонгийн шинжтэй тунхагласан ч танхимийн сайдуудынхаа “гэмт хэрэг”-тэй хариуцлага тооцож чадахгүй нүүр тулан зогсож, толгой дохин дэмжиж байж хэрхэн нүүрсний хулгай, намын авлигалтайгаа тэмцэх вэ гэдэг нь эргэлзээтэй. Энэ мэт эрх мэдэлтэн албан тушаалтны хэрэг хууль, шүүх дээр очоод гацдаг, зарцдаг, замхардаг явдлыг арилгаж Соёлын сайдын “соёлгүй” аавд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардаж байна.
Д.Ийнгаа