ХҮН намын хуульчид “Daewoo Bus” компанийг Солонгосын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг тус улсын Элчин сайдын яаманд өнөөдөр хүргүүллээ.
Энэ асуудалтай холбоотойгоор ХҮН намын хуульчид Солонгосын Элчин сайдын яаманд хүсэлт, шаардлагаа өгөв.
НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “Автобуснуудыг худалдан авахдаа Монгол талаас тендерийн хуулийн дагуу явуулаагүй, нууцад оруулсан. Мөн оруулж ирсэн автобуснууд нь шаардлага хангахгүй байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гомдол, шүүмжлэл их гарч байгаа. Олон нийтийн гомдлын дагуу хэргийг Тагнуулын Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар өгсөн байна. Түүнчлэн Солонгосын Элчин сайдын яаманд хүсэлт хүргүүлж байна. Солонгосын “Zyle Daewoo Bus” корпорац үнэхээр хил дамнасан луйвар, гэмт хэргийн чанартай ажиллагаанд оролцсон эсэхийг Солонгосын прокурорын газартаа хүсэлт тавьж, шалгуулж өгөөч гэх хүсэлтийг өгч байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгө зүй бусаар зарцуулагдсан байж магадгүй энэ үйлдэлд Солонгосын талаас бидэнтэй хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлж байна” хэмээн шаардлагаа хүргүүлэв.
Солонгосын Элчин сайдын яамны төлөөлөл “Хүсэлтээ өгөхөд болно. Бид та бүхний хүсэлтийг хүлээж авъя” хэмээв.
“Алдаа гаргаад огцорсноор асуудал шийдэгдэх ёсгүй. Солонгосын хууль хяналтын байгууллагаар хэргийг шалгуулна”
Үргэлжлүүлэн ХҮН намын төлөөллүүд хэлэхдээ “Солонгос, Монгол хоёр улсын хооронд хийгдэж байгаа олон улсын худалдаа, арилжааны асуудал нь хил дамнасан, мөнгө угаах гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй байгаа. Иймд өнөөдөр Солонгосын Элчин сайдын яаманд хүсэлтээ өглөө. Энэ асуудлыг Солонгосын прокурорын газар, хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Нэр дурдвал өнгөрсөн бүтэн сайн өдөр ирж, хэвлэлийн хурал хийсэн “Zyle Daewoo Bus” корпорацын дэд ерөнхийлөгч гэж өөрийгөө танилцуулсан хүмүүсийн үйлдлийг шалгуулах хүсэлтийг хүргүүлж байна. Сайд, дарга нар нь алдаа гаргаад огцорсноор асуудал шийдэгдэх ёсгүй. Хагийн гол нь хууль хяналтын дагуу хариуцлага хүлээх ёстой” гэлээ.