“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны гишүүн 150 гаруй сургуулийн багш, ажилчид аравдугаар сарын 5-нд ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлсэн.
Тэд 2024 оны нэгдүгээр сараас багшийн цалинг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны яаманд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос салбарын хэмжээнд хамтын хэлэлцээг эхлүүлэх мэдэгдэл саналыг тэдэнд хүргүүлжээ.
Уг санал, мэдэгдэлд:
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5.2-т “Тухайн байгууллагад хоёр, ба түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан байдаг.
Иймд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд асуудлыг ярилцаж хамтын төлөөллөө томилох, томилогдсон бүрэлдэхүүн бэлэн болсны дараа салбарын хамтын хэлэлцээр байгуулахад татгалзах зүйлгүй гэжээ. Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоодоос хамтын хэлэлцээнд оролцох хамтарсан төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу томилон шийдвэрлэж хариу ирүүлэхийг хүссэн байна.