Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар шинээр худалдан аваад буй ногоон автобусны талаар байр сууриа илэрхийлж, мэдээллийн zarig.mn, isee.mn сайтад тайлбар өгчээ.
Тэрээр автобус худалдан авах асуудалд өөрөө огт оролцоогүй, улсын төсвөөс баталсан эх үүсвэрийг Засгийн газрын гишүүн, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга хариуцан ажилласан. Автобус худалдан авах асуудал, төсөв нь Ж.Сүхбаатарын сайдын гарын үсгээр шийдэгдсэн гэж мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Ж.Сүхбаатар сайд дээр байсан төсвийн багцыг би авахгүй гэдгээ хэлсэн. Учир нь, өмнө нь орж ирсэн 224 автобус дээр бас бөөн хэл ам болсон. Түгжрэлийн сайд чинь ямар ч бүтэц байхгүй. Төсөв нь нийслэл рүү эрх шилжүүлэх байдлаар шийдэгдсэн. Түүнээс биш нийслэлийн төсөв дээр автобус худалдан авах асуудлыг суулгаад нийслэл өөрөө захиран зарцуулсан зүйл огт байхгүй. Наад гүйлгээ нь Сангийн яамаар хянагдаж, Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дарга Ж.Сүхбаатарын гарын үсгээр хөдөлсөн асуудал. Төвсийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд юм. Хоёрт, нийслэлд эрх шилжүүлээд шуурхай зохион байгуул гэдэг үүрэг чиглэл орж ирсэн. Угаасаа хууль нь ч тийм. Тэр дагуу захирамж гаргаж, наадахаа хурдан зохион байгуул гэсэн чиглэл өгсөн. Түүнээс би тэр тендер, ажлын хэсэгт нөлөөлөөгүй. Надад хуулийн тийм эрх ч байхгүй. Би энэ тендерт эхнээсээ орохгүй гэдгээ хэлсэн. Хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхийг ч мэдэж байсан. Нийслэлийн төсөв дээр тавиагүй юмыг би юу гэж хийх юм.
Сэтгүүлч: Тэгвэл гол буруутан нь хэн юм бэ?
Д.Сумъяабазар: Энэ асуултыг Ж.Сүхбаатар сайдаас л асуу даа. Түүний гарын үсгээр төсөв нь гарна. Нийслэл тендер зохион байгуулах, Ажлын хэсэг байгуулах захирамжийг Засаг дарга гаргасан. Би хөндлөнгөөс орж болохгүй.
Сэтгүүлч: Ж.Сүхбаатар сайд бүлгийн хурал дээр би оролцох боломжгүй, Д.Сумъяабазар оролцоно, түүний хийсэн ажил гэж хэлсэн гэсэн?
Д.Сумъяабазар: Юу гэсэн үг юм. Би тэгээд Тэнүүн-Огоотой уулзсан болж таарч байна уу.
Сэтгүүлч: Та нууцын зэрэглэлд авсан биз дээ?
Д.Сумъяабазар: УИХ-ын гишүүдээс эрх шилжиж орж ирдэг. Үүнийг харьяа дүүрэг, хорооны бүтээн байгуулалтад эрх шилжүүлэх байдлаар худалдан авах тендерийг нийслэл зохион байгуулдаг. Хууль нь угаасаа тийм. Энэ хуулийг биелүүлж тендерийн асуудлыг шийдсэн. Би худалдан авах ажиллагааг нь зохион байгуулахгүй гэвэл намайг хууль биелүүл гээд шаардана ш дээ. Төрийн нууцад авсан зүйл огтоосоо байхгүй.
Сэтгүүлч: Та ер нь улс төрийн хариуцлага хүлээх үү?
Д.Сумъяабазар: Гэм буруутай нь тогтоогдвол би улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн. Надад хариуцлагаас зугтаах шалтгаан байхгүй” гэлээ.